Н.Алтаннавч: 1072 хувьцааны нэгж үнэ 933 төгрөг хэвээр байгаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/ Монголын эдийн засгийг өсгөж өндийлгөх Таван толгой төсөл хөдөлж эхэлж байгаа. 1072 хувьцаа иргэдийн хамгийн их сонирхож байгаа сэдэв болсон. Энэ талаар Хэнтий аймагт цор ганц эрх бүхий байгууллага болох “Өндөрхаан Инвест” брокер, дилерийн компанийн мэргэжилтэн Н.Алтаннавчтай цөөн хором ярилцлаа.
- Хувьцааны ногдол ашиг хэзээ
олгож эхлэх вэ?
-"Эрдэнэс Таван Толгой” ХК 2017 онд 8.5 сая
тонн нүүрс экспортолж 1.1 их наяд төгрөгийн ашигтай ажилласан. Мөн татварын ямар ч өр
дарамтгүй байгаа. Цаашид зах зээлд шинэ бүтээгдэхүүн
гаргахаар зорьж байна. Ингэснээр энэ онд 1072 хувьцаа
эзэмшигч нар ашиг хүртэж эхэлнэ.
- Хувьцааны
үнэ өөрчлөгдсөн үү?
-1072 хувьцааг олгохдоо нэгж үнэ нь 933 төгрөг байсан. Энэ хэвээрээ байгаа. Өмнө нь “Эрдэнэс-Таван толгой” компанийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэхдээ "Хүний хөгжлийн сан"-гаас хишиг хувь хүртсэн мөнгөн дүн хасагдсан байгаа. Тодруулбал, 2011 онд оюутны сургалтын төлбөр 500 мянга болон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон сая төгрөг хэлбэрээр хувьцаагаа авсан бол 1072-оос хасагдана гэсэн үг.
- Иргэд хувьцааны данс нээлгэх тал дээр хэр идэвхтэй хандаж байна? Одоогийн байдлаар хэчнээн иргэн данс нээлгээд байна вэ?
-Хувьцааныхаа дансыг нээлгэх хүсэлтээ өгсөн
иргэдийн баталгаажуулалт 30-45 хоног шаардагддаг. Учир нь Монгол орны өнцөг
булан бүрээс олон мянган хүний бүртгэлийг ганцхан газар баталгаажуулдаг учраас
хугацаа шаарддаг юм. Тиймээс иргэд дансаа нээлгэх эрх үүссэнээ мэдэж байгаа
боловч албан ёсны бүртгэлээ хийлгэх тал дээр ойлголт муу байгаад байна. Манай
төвд өдөр бүр бүртгэл хийж байгааг дуулгамаар байна. Одоогийн байдлаар Хэнтий
аймгийн нийт иргэдийн 30 орчим хувь нь дансаа нээлгээд байна.
- Хувьцааны дансаа хэрхэн,
яаж нээлгэх вэ?
-Та өөрөө хөрөнгийн биржид
бүртгэлтэй брокер, дилерийн компани дээр өөрийн биеэр иргэний
үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбарын хамт ирээд дансаа
нээлгэх боломжтой.
- “Эрдэнэс таван
толгой” ХК-ийн хувьцааг хэн эзэмших вэ?
-2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр буюу түүнээс өмнө төрсөн Монгол Улсын иргэн 1072 хувьцааг эзэмшүүлсэн тул энэ өдрөөс хойших иргэд эзэмшихгүй.