“Нэг тэрбумаараа тэмцье” тайван жагсаал Сайншанд суманд боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-03-09 12:15:33

Дорноговь /МОНЦАМЭ/. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу гуравдугаар сарын 08-нд  “Нэг тэрбумаараа тэмцье” тайван жагсаал Дорноговь аймгийн Сайншанд хотод боллоо.

“Нэг тэрбумаараа тэмцье” тайван жагсаал нь 2013 оноос эхлэн олон улсад өрнүүлж буй томоохон хөдөлгөөн бөгөөд үүгээр дамжуулан дэлхийн нэг тэрбум охид эмэгтэйчүүд болон тэднийг хайрладаг дэмждэг хүмүүсийн хамтын хүчээр хүчирхийллийг таслан зогсоох, бодлого тодорхойлогчдод нөлөөлөх зорилготой аж.

Харин Монголын Эмэгтэйчүүдийн сангийн дэмжлэгээр жил бүр “Хөөрхөн зүрх” ТББ болон хүний эрхийн иргэний нийгмийн байгууллагууд нэгдэж охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө олон улсын арга хэмжээг урлагаар дамжуулан илэрхийлдэг уламжлал тогтсон байна.

Дээрх арга хэмжээг орон нутагт "Дорнын манлайлагч залуус" ТББ хоёр дахь жилдээ Сайншанд суманд зохиож байгуулж дунд сургуулийн сурагчид, МСҮТ-ийн оюутнууд, эцэг эх, залуусын төлөөлөл болсон 70 гаруй хүн оролцов. тэд урлагаар дамжуулан флашмоб хийсэн байна.

Оролцогчид хүчирхийлэлд өртөж нас барсан, эцэгтэй зодуулж эрэмдэг болсон, сэтгэл санаа, бие махбоди бүх зүйлээрээ хүчирхийлэлд ѳртсѳн олон эмэгтэйчүүд, охидын тѳлѳѳ дуугарч буй юм.

Тус аймагт архины хамааралтай 300 гаруй өрх айл буй бөгөөд үүнээс улбаалсан гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг гардаг аж. 

Связанные новости