Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан иргэн Э.Цэрэндолгорыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-03-18 15:28:56

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ гишүүн Ж.Батзандан өнөөдөр иргэн Э.Цэрэндолгорыг хүлээн авч уулзжээ.

"Мүүн" хэмээх урсгалыг эсэргүүцэн тэмцэж буйгаа илэрхийлээд байгаа "Tseren tour" ХХК-ийн захирал Э.Цэрэндолгор тус байнгын хороонд хандан "Монгол Улсад шашны гаж үйл ажиллагаа явуулж буй Мүүн-тэй холбоотой байгууллагуудын үйл ажиллагаа, данс, санхүүжилт, орлого зарлагыг шалгуулах тухай" өргөдөл ирүүлсэн байжээ. Улмаар өнөөдөр Өргөдлийн байнгын хорооноос түүнийг хүлээн авч уулзан санал солилцсон байна.

Байнгын хорооны дарга Ж.Батзандан иргэн Э.Цэрэндолгорын хөндөж ирүүлсэн асуудал нь чухал болохыг онцолж, дэлхийн олон улс орнуудад шашны гаж урсгалуудыг хориглосон тохиолдол цөөнгүй байдаг, шашны буруу урсгалуудаас болж үндэсний аюулгүй байдал алдагдах, хүн амын амьд явах эрх зөрчигдсөн тохиолдол олонтаа гарсан гэжээ.  

Түүнчлэн Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль өнөөдөр хэрхэн хэрэгжиж байгаа талаар санал солилцохоор Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулалтын газрын дарга Б.Үнэнбат, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албаны зөвлөх О.Баяраа нарыг өнөөдрийн уулзалтад оролцуулсан байна. Тэд Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль, тогтоомжийн дагуу Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагуудад шалгалт хийхээр Хууль зүйн яамнаас Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэлснийг тодотгожээ. 

Иргэн Э.Цэрэндолгор энэ үеэр "Мүүн хэмээх шашны гаж урсгал Монгол оронд 20-иод жилийн турш бугшиж, хүүхэд, залуучуудын оюун санаанд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй цаашлаад хөдөлмөрийн мөлжлөг, хүний наймаа, мөнгө угаах зэрэг ноцтой зөрчлүүд гарч болзошгүй тул Хууль зүй болоод Боловсролын салбар, мөн Төрийн эрх барих дээд байгууллагын Өргөдлийн байнгын хороо энэ асуудлыг судлан шийдвэрлэж өгөхийг хүсч байна" гэжээ. 

Уулзалтын дунд уг асуудлын хүрээнд Өргөдлийн Байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулж, Монгол Улсын Их Хурлын 2016 оны хаврын нэгдсэн чуулган эхэлмэгц нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар тогтсон байна. 

Н.Туяа

 

Связанные новости