Ч.Цэрэннадмид: Австрали Улстай урт хугацаанд хамтрах нь тогтвортой хөгжил, ахиц дэвшлийг авчирна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин энэ сарын 4-9-нд манай улсад төрийн айлчлал хийх гэж байгаатай холбогдуулж, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Гуравдагч хөрш орон судлалын салбарын эрхлэгч, доктор Ч.Цэрэннадмидтай ярилцлаа.
-Манай улс Австрали улстай 53 жилийн өмнө дипломат
харилцаа тогтоож байжээ. Хоёр орны харилцааны түүхээс хуваалцана уу?
-Австрали Улс нь Монгол Улсын гуравдагч хөрш, Энэтхэг-Номхон
далайн бүс нутаг дахь чухал түншүүдийн нэг юм. Монгол Улс, Австрали Улсын
хооронд 1972 оны есдүгээр сарын 15-нд албан ёсоор дипломат харилцаа
тогтоосон боловч монгол орон ардчилал,
зах зээлийн эдийн засагт шилжсэн 1990-ээд оны эхэн үеэс хоёр талт харилцаа хөгжсөн
юм. Тухайлбал, 1993-1994 оноос эхлээд хоёр талын харилцаа идэвхжиж, харилцан
тохиролцсоноор уул уурхайн салбарын менежмент, боловсрол, эрүүл мэнд, усан
хангамжийг сайжруулах болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран
ажиллаж эхэлсэн түүхтэй. Улмаар иргэд хоорондын харилцаа холбоо бэхжиж, улс
төрийн яриа хэлэлцээрүүд дараа дараагийн жилүүдэд улам бүр идэвхжсэн.
-Хоёр орны харилцааны онцлогийг хэрхэн тодорхойлж байна вэ.
Харилцааны ямар чиглэлийг бид голлож байна вэ?
-Өнгөрсөн 50 гаруй жилийн түүхэнд хоёр орны хүчин зүтгэлийн дүнд Монгол, Австралийн харилцаа өргөжин хөгжиж байна. Австрали Улс манай оронд өрнөсөн ардчилсан өөрчлөлтийг эхнээс нь дэмжиж ирсэн орнуудын нэг гэдгээрээ онцлогтой.
Харилцаа улам бүр идэвхжсэн 2000-аад оны сүүл үеэс буюу хоёр улс харилцан Элчин сайдын яамаа нээж, худалдаа, бизнесийн зөвлөл гэх мэт олон нийтийн байгууллагууд байгуулагдаж, үйл ажиллагаа нь идэвхжсэний дүнд зөвхөн уул уурхай, эрдэс баялгийн салбар бус нийгэм, хүмүүнлэг, соёл, боловсролын салбарын харилцаа бодитоор хөгжиж байна.
Бид зөвхөн хоёр талт харилцааг өргөжүүлээд зогсохгүй бүс нутаг, олон улсын хамтын ажиллагаа, аюулгүй байдал, энх тайвныг сахиулах үйл хэрэгт идэвхтэй хамтрагч байсаар ирлээ. Тухайлбал, Австралийн аюулгүй байдлын судлаач, шинжээчид “Улаанбаатарын яриа хэлэлцээ”, “Хааны эрэлд” зэрэг үйл ажиллагаанд идэвхтэй оролцож болсон.
Хоёр улс хоорондын худалдаа, эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа жил ирэх тусам өсөн нэмэгдэж байна. 2023 онд хоёр улсын нийт худалдааны эргэлт 388 сая ам.долларт хүрсэн ч үүнээс худалдааны дийлэнх хувийг буюу 373 сая ам. долларыг Австралийн экспорт бүрдүүлжээ. Бид хоёр талын худалдаа тэр дундаа, Монголоос Австрали руу нийлүүлэх бараа бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх хүрээнд уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн салбараас илүүтэй ХАА, хүнс, харилцаа холбоо, аялал жуулчлал зэрэг хөнгөн үйлдвэрлэл үйлчилгээний салбарт харилцаагаа идэвхжүүлэх шаардлагатай.
-Бизнес, хөрөнгө оруулалтын тал дээр бид өнгөрсөн хугацаанд чамгүй
хамтралыг бий болгожээ. Уул уурхайн салбар бол үүний тод жишээ юм. Уул уурхай,
ашигт малтмалын салбарт хамтарснаар хөрөнгө оруулалт татсан гэдэг нь хэнд ч ойлгомжтой.
Түүний зэрэгцээ олон талын туршлага, мэдлэг хуримтлагдсан болов уу?
-Австралийн олон компани манай улсын уул уурхай, эрдэс
баялгийн салбарын нөөцийг ашиглах, хөгжүүлэхэд онцгой байр суурь эзэлдэг. Нөгөө
талаас эдгээр компани Монгол Улсад үйл ажиллагаа явуулах хугацаандаа инновац,
технологийн шинэ шийдэл, хүний нөөцийн хөгжил, ур чадварыг нэмэгдүүлэх,
байгаль, хүрээлэн буй орчин, нийгмийн асуудлууд, орон нутгийн иргэдийн аюулгүй
байдлыг хамгаалах зэрэг чиглэлд шинэ стандарт, хандлагыг тодорхой түвшинд
төлөвшүүлж байна.
Эрдэс баялгийн экспорт нь манай улсын эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч байсан, ойрын ирээдүйд ч энэхүү нөхцөл байдал үргэлжлэх төлөв ажиглагдаж буй.
Тиймээс Австрали Улстай урт хугацаанд хамтрах нь шууд болон шууд бусаар ажлын байрыг нэмэгдүүлэх, мэдлэг, туршлага хуримтлуулах, цаашлаад нийгмийн салбарт тогтвортой хөгжил, ахиц дэвшлийг авчирна.
Гэхдээ энд нэг зүйлийг дурдахад, манай улсын эдийн засаг эрдэс
баялаг, түүхий эдийн үнийн хэлбэлзэл, олон улсын харилцаа, геополитикийн
өөрчлөлт, сорилтуудтай нягт холбоотой. Эрдэс баялгийн арвин нөөцтэй байх нь улс
орны хөгжил, дэвшлийн баталгаа биш тул Австрали
Улсын уул уурхай түшиглэсэн эдийн
засгийн хөгжлийн загвар, түүний давуу болон сул тал, гарах эрсдэл, сорилтуудыг
даван туулсан түүхэн туршлагаас нь бид давхар суралцах ёстой.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цагаан алт”
үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж байна. Хөнгөн үйлдвэрийн салбарын хүний
нөөцийг бүрдүүлэх, шинэлэг техник технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэл үйлчилгээний
тал дээр хамтрах бололцоотой орон бол Австрали Улс гэж үзэж байна. Та
судлаачийн хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Манай улс ардчилал, хүний эрхийг дээдлэх зарчмаа тууштай
баримтлахыг зорьдгийн дээр хүн амын дийлэнх хэсгийг хүүхэд залуус эзэлдэг. Тэр
утгаараа монгол залуусыг сургах, мэдлэг, ур чадварыг нь хөгжүүлэхэд анхаарч,
хөрөнгө оруулж ирсэн болов уу гэж бодож байна. Тус улсын зүгээс сүүлийн
жилүүдэд уул уурхайн салбараас гадна хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хүний
нөөцийг бэлтгэх, хүйсийн тэгш байдлыг хангасан залуучуудын хөдөлмөр эрхлэлт, тэр
дундаа ХАА-н салбарт залуусын хөдөлмөр эрхлэлт мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх
сургалт хөтөлбөрийг орон нутгийн захиргаа, иргэний нийгмийн байгууллагуудтай
хамтран хэрэгжүүлж байна. Жишээлбэл, сүүлийн жилүүдэд МУЗН, ОБЕГ-тай хамтран
орон нутгийн иргэдийн байгалийн гамшигт үзэгдлээс сэргийлэх, даван туулах
чадавхыг нэмэгдүүлэх хөтөлбөр, ХАА-н салбарт хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдэд
ур чадвар олгох сургалт зэргийг зохион байгууллаа. Иймд тэдгээр салбарт ирэх
жилүүдэд Австрали Улстай хамтын ажиллагаа маань улам бүр тогтворжин хөгжиж, үр дүнгээ
өгнө гэж харж байна.
-Цаашид тус улстай аль салбарт хэрхэн хамтрах бололцоотой
вэ. Мэдээж төдийлөн нэр дурдагдахгүй байгаа салбаруудыг онцолж асууж байна л
даа. Ер нь бидний давуу тал, ижилсэл юу вэ?
-Манай хоёр оронд ижил төстэй, нийтлэг шинж чанар олон бий. Өргөн уудам газар нутаг, хүн амын нягтаршил, байгалийн баялаг зэрэг олон янз байдлаараа төстэй. Гэхдээ Монгол, Австрали улс аль аль нь ган, үер, гал түймэр, хэт хүйтрэлт эсвэл дулаарал зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд өртөмтгий, үүсэх эрсдэл, үр дагаврыг даван туулахтай холбоотой нийтлэг сорилт ихтэй. Тэр дундаа манай улс уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, усны нөөц хомс бүс нутагт оршдог тул тус улсын байгаль орчин, нийгмийн хамгааллын өндөр стандарт боловсруулж, хэрэгжүүлсэн туршлагыг өөрийн орны онцлогт тохируулан нэвтрүүлэхийг зорих хэрэгтэй.
Эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх тал дээр манай улс Австралийн туршлагатай компанитай ажиллаж эхэлж байна. Тухайлбал, нүүрсний давхаргын метан хий, ногоон устөрөгчийн хайгуулын чиглэлээр хамтарч, ахиц дэвшил гарсан мэдээ бий. Энэхүү салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж чадвал Монголд дотоодын хэрэглээ болон экспортын хувьд асар их боломжийг бий болгоно.
Цаашид дээр дурдсан салбаруудаас гадна нийгмийн салбарт хамтын ажиллагаа эрчимжээсэй гэсэн хүлээлт байна. Эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн боловсролын тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх, ХАА, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хүйсийн тэгш оролцоог хангасан хүний нөөцийн чадавх бэхжүүлэх сургалт, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр Австрали Улстай хамтрах нь чухал ач холбогдолтой. Энэ чиглэлээр олон ажил хэрэгжиж эхэлсэн ч илүү урт хугацаанд, тогтвортой үр дүн авчрах томоохон хэмжээний төсөл хөтөлбөр хэрэгжинэ гэж найдаж байна.
-Аялал жуулчлалын салбарт өөдрөг дүр зураг харагдаж байна уу. Хоёр орны хооронд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, боломжийн талаар дурдахгүй юу?
-Үндэсний статистикийн хорооны мэдээллээс үзвэл, 2017-2022 оны хооронд Австрали руу зорчсон монгол иргэдийн тоо жилд дунджаар 4500 байсан бол 2023 онд 11 мянга болж нэмэгдсэн байна. Харин манай улсад ирэх австрали жуулчдын тоо өсөж байгаа гэх боловч 2023 онд 3437, 2024 онд 3500 жуулчин ирсэн нь харьцангуй бага үзүүлэлт юм.
Хоёр улсын хооронд аялал жуулчлалын салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тулгарч буй гол сорилт бэрхшээлд газар зүйн алслагдмал байдал орох хэдий ч энэ салбарын харилцаа хүссэн хэмжээнд хүрч хөгжихөд Монгол улсын тэр дундаа хөдөө орон нутаг дахь дэд бүтэц, логистикийн салбарын хөгжлийн дорой байдал, эдгээрийг бүхэлд нь цогцоор шийдвэрлэхэд чиглэсэн бодлого, институтийн дэмжлэг сул байдал ихээхэн нөлөө үзүүлдэг. Үүнээс гадна хоёр орны соёл, уламжлал, амьдралын хэв маяг, хот суурин хийгээд орон нутгийн хөгжлийн ялгаа, онцлогийн талаар ард иргэдэд зөв, цэгцтэй мэдээлэл, ойлголт өгөх, сурталчлах ажил дутмаг байна.
Хэдий тийм ч хоёр орны хооронд аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал суурь болох агаарын харилцааны талаарх Засгийн газар хоорондын хэлэлцээрийг эхлүүлж, энэ салбарт хамтран ажиллах сонирхлоо харилцан илэрхийлсэн байдаг. Австралийн Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн “Work and Holiday” төрлийн визний шаардлага, агуулгад нийцүүлэн зочид буудал-аялал жуулчлалын удирдлагын чиглэлээр суралцаж буй оюутнуудыг богино хугацаагаар сургах солилцооны хөтөлбөр зэрэг олон арга хэмжээ, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх боломж бий.
Харин энэ төрлийн санал санаачилгыг зөвхөн төр, засгийн газрын байгууллагын хэмжээнд бус хоёр орны иргэд хоорондын харилцааг идэвхтэй явуулж ирсэн олон нийтийн байгууллага, сайн дурын ажилтнууд болон бизнесийн байгууллага, хувийн салбарын оролцоотойгоор хэрэгжүүлэх, тэдэнтэй хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх нь зүйтэй юм.
-Сүүлийн жилүүдэд иргэд хоорондын харилцаа ихээхэн идэвхжсэн.
Өнөөдрийн байдлаар, тус улсад манай улсын хэдэн иргэн оршин сууж байна вэ. Тус
улсад монголчууд олноороо оршин суухад нөлөөлж байгаа хүчин зүйл юу вэ?
-1990-ээд оны дунд үеэс Монгол, Австрали иргэд хоорондын харилцаа эрчимтэй хөгжиж эхэлсэн бөгөөд өдгөө улам бүр өргөжиж байна.
1993 оноос эхлэн Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжиж, манай улсын 760 гаруй иргэн хамрагдаж, төрөл бүрийн мэргэжлээр суралцжээ. Өнгөрсөн оны мэдээллээс үзвэл, 25 мянга гаруй монголчууд тэнд ажиллаж амьдарч байгаагийн дийлэнх нь оюутны визээр оршин сууж байна.
Тус улсад манай иргэд олноор ажиллаж
амьдарч байгаагийн шалтгааны нэг нь хоёр орны боловсролын салбарын хамтын
ажиллагаа гэхэд болно. Засгийн газрын тэтгэлгээр суралцангаа ажиллах, гэр
бүлийн хамт амьдрахад дэмжлэг үзүүлдэг нь тодорхой хэмжээнд нөлөөлдөг болов уу.
Мөн төгсөгчдийн холбоо, олон нийтийн байгууллагуудын
идэвхтэй үйл ажиллагаа хоёр орны иргэд хоорондын харилцааг улам бүр
өргөжүүлэхэд нөлөөлж ирсэн гэж боддог. Үүний зэрэгцээ Австралийн Засгийн газраас
хэрэгжүүлдэг төрөл бүрийн хөтөлбөрийн шугамаар тус улсын сайн дурын ажилтнууд манай
улсад ажиллаж, ЕБС-ийн багш, оюутан,
сурагчдад англи хэл заах гэх мэт сайн дурын олон ажил гүйцэтгэж байна.
-Австралийн Холбооны Улсын Амбан захирагчийн айлчлалаас
хүлээж буй хүлээлт юу вэ?
-Австралийн Холбооны Улсын амбан захирагчийн айлчлал 30 гаруй
жилийн дараа болж буй төрийн айлчлал бөгөөд хоёр орны харилцаанд ихээхэн ахиц,
дэвшил авчрах түүхэн айлчлал болох болов уу. Австрали Улстай “Өргөтгөсөн
түншлэл”-ийн зарчмаар хөгжиж ирсэн харилцаа, хамтын ажиллагаагаа шат ахиулах,
олон улсын болон бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх чиглэлийн
яриа хэлэлцээ тус айлчлалын гол агуулга, үр дүн байх боломжтой. Мөн энэ
удаагийн төрийн айлчлалаар манай улсад хэрэгжиж байгаа Австралийн төсөл
хөтөлбөрүүдтэй танилцаж, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй олон чухал уулзалт,
яриа хийх байх гэж бодож байна.