Д.Дамдинпүрэв: Түүхээ унш судал, түүнд бидний зам байгаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/. Дадал сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Дамдинпүрэв аймгийн ИТХ-аас санаачлан зохион байгуулсан “Монголын нууц товчоог хэн сайн мэдэх вэ” анхдугаар уралдааны ялагч болсон билээ. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Танд
баяр хүргэе. Энэ уралдаанд хэр хугацаанд бэлтгэсэн бэ?
-Баярлалаа. Яг энэхүү уралдаанд зориулж хоёр удаа уншиж,
зүйл бүрээр нэг удаа товч тэмдэглэл хийсэн.
-Эх
түүхээ уншиж судална гэдэг монгол хүн бүрийн эрхэм үүрэг мэт санагддаг. Та
Монголын нууц товчоог хэдэн удаа уншсан бэ? Үйл явдал, ишлэл, хүмүүсийн хэлсэн
үгийг хэрхэн нүдэлж тогтоов?
-Эх түүхээ судлах нь монгол хүн бүрийн үүрэг. Ер нь
гишгэсэн мөрөө харж, буруу замаар явсан тохиолдолд сэрэмжлэн, зүг чигээ олохыг
хичээх нь жирийн хүнээс эхлээд улс үндэстний үүрэг юм. Үүнд л түүх судлахын ач
холбогдол оршдог. Нууц товчоог 30 гаруй удаа уншсан байх. Унших тусам шинэ
судалгааны санаа, ухаарлын учиг төрдөг хосгүй зохиол. Үйл явдал бол амархан цээжинд буудаг. Ишлэл,
хүний хэлсэн үг тогтооход яг үнэнийг хэлэхэд их хүч орно шүү. Заримыг хүчээр
цээжилнэ шүү дээ.
-Уралдаанд оролцоод өөрийнхөө оюунд
нэмсэн хамгийн том ололт юу байв?
-Уралдаан гурван шаттай болсон. Шат бүр өөр өөрийн онцлогтой.
Оюун ухаан хүч шавхсан тэмцэл байсан. Би бол жирийн нэг багш хүн. Мэдлэгийн
хувьд өөрийгөө дорд үздэггүй л дээ. Гэхдээ миний 30 гаруй удаа уншсан хөдөлмөр
бол юу ч биш юм байна. Нарийн нягт судалж унших хэрэгтэй юм байна гэсэн
сэхээрэл төрсөн. Би дээгүүр байр эзэлнэ гэсэн итгэл 70 хувь байсан. Миний хань
харин намайг түрүүлнэ гэдэгт 100 хувь итгэлтэй зоригжуулж байлаа.
-Монголын нууц товчооноос таны
сэтгэлд үлдсэн хамгийн тод хэсэг юу вэ?
-Төгсгөл хэсэгт байдаг Өгөдэй хааны ухаарал их тод
санагддаг. Нөгөө дөрвөн сайн, дөрвөн муу үйл гэдэг шүү дээ. Одоо ч үнэ цэнээ
алдаагүй. Үнэ цэнээ алдаагүй гэдгийг миний дараах хэлэх гэж буй санаатай
уялдуулж болох юм. Эдүгээ бие хүн бүр, төрийг авч яваа албан хаагч бүр алхам
тутамдаа өөрийгөө цэгнээсэй гэж боддог шүү.
-Та өөрөө эзэн Чингисийн өлгий нутагт ажиллаж
амьдарч байгаа юм байна. Эрч хүч, энерги шүншиг өдөр бүр авдаг биз?
-Янз бүрийн шалтгаанаас болоод өглөө бүр эрч хүч авахаар
хандаж чаддаггүй ч ихэнхдээ Дэлүүн болдог руугаа хараад дотроо сүслээд явдаг. Орой дээр нь гараад сайн эрч
хүч авчихсан өдөр бол шал өөр байдаг. 2016 онд надад нэг амьдралд шаардлага
гарсан юм. Бас нэг яаж ч болохгүй үе байдаг шүү дээ. Гурван өглөө биечлэн очиж
сүсэллээ. Тэгсэн юу болсон гээч гурав дахь өдөр нь асуудал шийдэгдсэн дээ.
-Ирээдүйн эздийг бэлтгэж байгаа хүний хувьд өсвөр үеийнхэнд эх түүхийн
талаар мэдээлэл олгоход хэрхэн анхаарч ажилладаг вэ?
-Бид удам нь гэж хоосон хийрхсэн байдлыг би дэмждэггүй.
Сургуулийн удирдлагын хувьд хичээл орох боломж хомс л доо. Гэхдээ мэргэжлийн
өвчин гэдэг шиг ярианы далим таарвал хүүхэд залуучуудад номлоно шүү дээ. Энэ
хичээлийн жилийн хувьд түүхийн багш маань амаржаад, сургалтын менежер
Д.Эрдэнэтуяа та хэдэн цаг заах уу гэсний дагуу 9-11 дүгээр ангид хичээл орж,
сургалтын хөтөлбөрийн хажуугаар бас санасан бодсон зүйлээ хэлэх боломж олдоод
байгаа.
-Өнөөдрийн
нийгэм хаа сайгүй стресстэй, завгүй, түгжрэлтэй. Суманд амьдрахын сайхан нь яг
юу вэ?
-Яруу найрагч Цогдоржийн Бавуудоржийн шүлэгт гардаг
“Монголын их амар амгалан” энэ хөдөөд, ялангуяа суманд байна. Хотод
шавааралдсан нөхөд зориг гарган хөдөөг зорьж ажиллаж амьдрах хэрэгтэй гэж
боддог. Зориг гаргах хэрэгтэй.
- Уншигчдад хандсан уриалга хэлээч
гэвэл?
-Эх түүхээ судлах, бахархан дээдлэх зүйлээ зөв
тодорхойлох хэрэгтэй нэн эгзэгтэй үед амьдарч байна. Мөн би гэсэн хоосон хийрхэл,
цахим ертөнцийн хөөс мэт мөртлөө хортой үер, улс төржилтийн зүггүй манангаас ангижрах
бодит шаардлага тулгарч байна. Дэлхийн талд амар амгалан тогтоож, хуулийн
засаглал гэж юу байдгийг хуулийн тоогоор биш чанараар нь мэдрүүлж байсан агуу
түүхтэй, Орос, Хятад болон бусад үндэстэн бүрдүүлэхэд үүрэг гүйцэтгэсэн гавьяатай,
төрт ёсны агуу гүн ухаантай, ардын аман зохиол, ёс суртахууны арвин баялаг
сантай ард түмэн юм шүү дээ бид чинь. Бидэнд гаднаас аваад байх шаардлагатай юм
байхгүй. Өөрийн гэсэн хөгжлийн үзэл баримтлал, төрт ёсны уламжлалаа бариад
байхад Азийн бар байтугай, дэлхийн чигийг заагч болох боломж бий. Уул
уурхайгаас ухааны уурхай руу явах хэрэгтэй байна. Эцэст нь хэлэхэд түүхээ унш
судал, түүнд бидний зам байгаа. Нүүдэлчний анхны төрт улсыг дэлхийн түүхэнд
байгуулснаас эхлээд гандсан мандсан бүх сургамжаа бид авах хэрэгтэй юм.