Хүнс, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийн нэгдсэн зөвлөгөөн болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ, ХХААГ-аас тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн “Хүнс, хөдөө аж ахуй-эдийн засгийн тогтвортой хөгжил” зөвлөгөөнийг дөрөвдүгээр сарын 4,5-ны өдөр зохион байгуулж байна.
Зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга
С.Сүхбаатар, Засаг дарга О.Бат-Эрдэнэ, ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн
бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, ХХААХҮЯ-ны газрын дарга
Б.Батсүрэн, Малын удмын сангийн үндэсний төвийн мэргэжилтэн Б.Эрдэнэхүү болон аймгийн
ХХААГ-ын удирдлага, мэргэжилтнүүд, сумдын ХАА-н тасгийн мэргэжилтнүүд оролцож
байгаа ажээ.
Зөвлөгөөний хүрээнд ХХАА-н
салбарын хууль, тогтоомж, тэдгээрийн хэрэгжилт, анхаарах асуудлууд болон тус
салбарын зорилт, бодлого, шийдвэрийг танилцуулж, салбарынхаа мэргэжилтнүүдийн
мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор мэдээлэл өгч, сургалт хийж байна.
ХХААХҮЯ-ны газрын дарга Б.Батсүрэн зөвлөгөөнд
оролцогчдод “Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилт, бүтэц орон тоо, мал
үржлийн ажлын өнөөгийн байдал” сэдвээр сургалт хийсэн бол Малын удмын сангийн үндэсний
төвийн мэргэжилтэн Б.Эрдэнэхүү “Зохиомол хээлтүүлгийн ач холбогдол” сэдвээр мэдлэг
олгожээ.
Аймгийн ХХААГ-ын мэргэжилтнүүд сумдын
мэргэжилтнүүдэд хүнс, бэлчээр, газар тариалан, мал аж ахуй, жижиг дунд үйлдвэр
гээд тус салбарын хүрээний бүхий л асуудлаар мэдээлэл хийж, цаашид
хэрэгжүүлэх зорилго, зорилт, үйл ажиллагааны талаар танилцууллаа.
Зөвлөгөөний үйл ажиллагааны
хүрээнд салбарынхаа 2018 оны ажлыг дүгнэн ярилцсаны дээр 2019 оны зорилтоо
тодорхойлж, аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга,15 сумын МЭҮТ-ийн хооронд хамтран
ажиллах гурвалсан гэрээ байгуулжээ.