АН-ын гишүүд дэмжигчдийн холбооноос намын дарга З.Энхболдыг огцрохыг шаардав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРАрдчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос өнөөдөр Ардчилсан намын дарга З.Энхболдыг огцрохыг шаардан шаардлага хүргүүллээ.
Уг шаардлагад, “Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоо өөрийн үнэт зүйл, шударга ёсны зарчмыг дээдлэн 2009 оноос улс төрийн үйл ажиллагааг ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө тасралтгүй явуулсаар ирсэн билээ.
Монгол Улсад хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоон байгуулахад улс төрийн намуудын төлөвшил дотоод ардчилал чухал үүрэгтэйг онцлон тэмдэглье. Өнөөдөр улс төрийн үйл ажиллагаа явуулж байгаа бидний дэмжиж, итгэж найддаг Ардчилсан намын удирдлагууд дүрмийн бус эрх зүйн чадамжгүй байгааг Ардчилсан намын үндсэн дүрмийн 6.8.1 заалтыг зөрчиж байгаагаар нотлогдож байна.
Иймд Ардчилсан намын дарга Зандаахүүгийн Энхболд таныг өөрийн саналаар 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дотор огцрохыг шаардаж байна” гэжээ.
Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар хэлэхдээ, “Сүүлийн жилүүдэд Ардчилсан нам их хурлаа хийхээ больсон. Үндэсний зөвлөлдөх хороо хуралдаж чадахгүй байгаа нь Ардчилсан намын дотоод зөрчил туйлдаа хүрснийг харуулж байна. Ардчилсан намын дарга З.Энхболд УИХ-ын даргын албыг хашдаг. УИХ-ын дарга бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн. Саяхан УИХ-ын дарга Өвөрхангай, Баянхонгор аймагт томилолтоор ажиллахдаа сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэл нь нийгмийг хагалан бутаргасан ноцтой үр дагавар авчирч байна гэж Ардчилсан намын гишүүд дэмжигчид үзэж байна. Монгол Улсын хуулийг хэрэгжүүлдэг, хууль даган мөрдөх ёстой, цагдаа, прокурор, шүүхийн байгууллагуудын удирдлагууд, тэдний албан хаагчдыг үл бүтэх этгээдүүд гэж цоллож байгаа нь хууль тогтоох дээд байгууллагын даргын хувьд маш зохисгүй үг хэллэг хэрэглэж, хуулийн байгууллагыг үндсэн хуулийн зарчмыг зөрчиж мэдэгдэл хийсэн нь хариуцлагагүй үйлдэл болсон. Соёлт нийгэмд энэ үгнийхээ төлөө улс төрийн өндөр албан тушаалтан огцордог. Хуулийн байгууллагуудын албан хаагч, удирдлагуудыг нэр цохон хэлэх ёстой байсан. Гэвч харамсалтай нь нийтлэг төрийн албан хаагчид, үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүсийг янз бүрийн үгээр хэлсэн нь ёс зүйгүй хариуцлагагүй үйлдэл болсон.
Манай холбоо нийгэмд бугласан, хууль зөрчиж байгаа, ялангуяа эрх мэдэл бүхий албан тушаалтнууд Монгол Улсын Үндсэн хуулийн үндсэн заалтыг зөрчдөг явдлыг эсэргүүцэн буруушааж ирсэн. УИХ-ын даргын энэ удаагийн үйлдэл нь Үндэсний аюулгүй байдал, Монгол Улсын Үндсэн хуулинд заасан Монгол Улсын иргэд эвтэй түнжинтэй амьдрах үндсэн заалтыг зөрчсөнөөрөө ноцтой үйлдэл учраас огцрох шаардлагатай гэж үзэж байна” гэв.
Мөн тэрбээр, Ардчилсан намын даргын хуулийн байгууллагууд, үүрэг гүйцэтгэж төрийн албан хаагчдыг янз бүрийн хэл амаар доромжилсон мэдэгдлийг фэйсбүүк, пэйж, интернэтээс үзэх боломжтой гэсэн юм.
Ж.Болор