Монгол хэл, бичгийн дахин шалгалтад 811 сурагч орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-04-17 14:02:59

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг төгсөгчдөөс энэ сарын 20-ны өдөр болох монгол хэл, бичгийн дахин шалгалтад 811 сурагч оролцохоор бүртгүүлсэн талаар аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас мэдээллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 37 тоот тогтоолоор их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч монгол хэл бичгийн шалгалтад заавал хамрагдахаар журамласан. Үүний дагуу өнгөрсөн сарын 23-ны өдөр авсан шалгалтад тус аймгийн ерөнхий боловсролын 24 сургуулиас 762 сурагч орсноос 505 сурагч буюу 66,2 хувь нь тэнцээгүй байна.

Шалгалтаас унасан дээрх 505 сурагч, мөн өмнөх жилүүдэд сургууль төгссөн 306 хүүхэд ирэх баасан гарагт монгол хэл, бичгийн хичээлээр дахин шалгалт өгөх бөгөөд 400-гаас доош оноо авч тэнцээгүй тохиолдолд ЭЕШ-д орох боломжгүй болох ажээ.  

Связанные новости