БАЯН-ӨЛГИЙ: Ө.Танатад цагдаагийн хурандаа цол олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын дарга Өмирбекийн Танатад Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Цагдаагийн байгууллагын 104 жилийн ойн баярыг тохиолдуулан хугацаанаас өмнө Цагдаагийн хурандаа цолоор шагнажээ.
Ө.Танат нь Цагдаагийн байгууллагад 21 дэх жилдээ үр
бүтээлтэй, тууштай ажиллаж буй туршлагатай бөгөөд түүний гэмт хэрэгтэй тэмцэх,
олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд гаргасан идэвх зүтгэлийг үнэлжээ.
Цагдаагийн
хурандаа Ө.Танат нь 2004-2005 онд Баян-Өлгий аймгийн Цагдаагийн хэлтэст, 2005-2009 онд
Цагдаагийн академийн сонсогч, 2009-2012 онд Баянзүрх дүүргийн Цагдаагийн
хэлтэст, 2012-2014 онд Баянзүрх дүүргийн 1-р хэлтэст, 2014-2016 онд
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст,
2016-2018 онд Улсын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст, 2018-2021 онд
Эрүүгийн цагдаагийн албанд, 2021 оноос Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын
даргаар томилогдон ажиллаж байна.
Тэрбээр байгууллагаа олон жил үр
дүнтэй, манлайлан ажилласны үр дүнд Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт медаль, Цагдаагийн алдар тэмдэг, Хууль зүйн албаны тэргүүний ажилтан, Цагдаагийн гавьяа болон бусад шагналыг хүртжээ.
Ө.Танатыг өнөөдөр Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангар хүлээн авч хүндэтгэл илэрхийллээ.