Тулам булаалдах спортын төрөлд тивийн аваргын төлөө өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Казах үндэстний морин спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монгол Улсын баг тулам булаалдах спортын төрөлд аваргын алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарлаа.
Манай баг тамирчид Тажикистан, БНХАУ, ОХУ-ын багийг хожиж шигшээд тунаснаар Казахстаны багтай аваргын төлөө ур чадвараа сорино. Бүгд Найрамдах Казахстан улсын Алматы хотод Үндэсний морин спортын тулам булаалдах /көкпар/, морин дээрх барилдаан /Аударысбах/, морин дээрээс мөнгө шүүрэх /тенге илу/, морин дээрээс харвах /жанбы ату/ зэрэг спортын төрлөөр залуучуудын Ази тивийн АШТ энэ өдрүүдэд болж байгаа юм.
Энэхүү анхдугаар тэмцээнд БНХАУ, ОХУ, Казахстан, Тажикистан, Монгол зэрэг есөн орны баг өрсөлдөж байгаа бөгөөд эхний медальтнууд тодорч эхэлжээ. Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлж Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын арга зүйч, монгол, казах үндэстний спортын холбооны тэргүүн А.Ромоор удирдуулсан 28 тамирчин оролцож байгаа юм.
Тэмцээний гол төрлийн нэг, тулам булаалдах спортын төрөлд Монгол Улсын баг Тажикистаныг 2:0-ээр, БНХАУ-багийг 5:3-аар, ОХУ-ын багийш 5:3-аар тус тус ялжээ. Манай тамирчид зохион байгуулагч орон Казахстаны багтай ирэх ням гарагт тоглоно. Мөн морин дээрээс шүүрэх төрөлд есөн орны 19 тамирчин оролцсоноос С.Женисбек хүрэл медаль хүртэж, Монголын багийн медалийн салхийг хагалсан бол У.Айболат шагналт дөрөвдүгээр байрыг эзэлжээ.
Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр, маргааш морин дээрээс харвах болон морин дээрх барилдааны төрлүүд явагдаж, медальтнууд тодорно. Морин спортын сонирхолтой төрлийн нэг, морин дээрх барилдаан 50, 60, 70, 80, +80 кг-ын жинд шилдгүүдээ тодруулах юм. Алматы хотод Үндэсний морин спортын залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тус тэмцээн энэ сарын 16-ны өдөр эхэлсэн бөгөөд 21-нд хаах ёслол нь болно.