Ц.Амгаланбуян: Иргэд мэргэжлийн эмчид хандаж эрүүл мэндийн асуудлаа шийдэж сурах хэрэгтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/ Ааль ааш сайхантай, ажил мэргэжилдээ гарамгай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч их эмч Ц.Амгаланбуян гэх энэ бүсгүй эрүүл энхийн манаанд 23 дахь жилдээ зогсож яваа цагаан нөмрөгт баатруудын нэг билээ. Цаг, нар багатай завгүй эмчийн ажлын дундуур цөөн хором ярилцсанаа уншигч танаа хүргэж байна.
- -Хэн бүхний танил болсон эмч бүсгүй
маань ажил амьдралын гараагаа
хэрхэн эхэлж байв?
-Би Архангай нутгийн хүн. 1988 онд
аравдугаар ангиа төгсөөд Анагаах ухааны дээд сургуульд суралцаж төгссөн. Ингээд амьдралын хувь тохиолоор Хэнтий аймгийн
Өмнөдэлгэр сумаас ажил амьдралын гараагаа эхэлсэн дээ. Өмнөдэлгэр нутагт нэг жил ажилласан юм. Тус сум хүн ам ихтэй, анх төгссөн хүнд мэдлэг, практик дадлага
суулгахад нэн тохиромжтой сайхан газар байсан. Тиймдээ ч маш олон зүйлийг
сурсан. Тэндээсээ Багануур дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд Төрөх тасгийн
эрхлэгчээр 2006 он хүртэл ажиллаад Хэнтийдээ шилжиж ирсэн. Түүнээс хойш Хэнтийдээ л ажиллаж амьдарч явна
даа. Эрүүл мэндийн салбарт 23 дахь жилдээ ажиллаж байна. 2017 оноос аймгийнхаа
Нэгдсэн эмнэлгийн Эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч их эмчээр ажиллаж байна даа.
- -Яагаад эмч мэргэжлийг сонгох болсон юм бэ?
-Бага байхаасаа л эмч болно гэж
боддог байсан. Миний аав хөл муутай хүн байлаа. Тэгээд аавынхаа хөлийг хараад л
том болоод эмчилж өгнө гэж боддог байсан. Тэр бодлоо тээсээр эмч мэргэжлийг
сонгосон доо. Гэр бүлийнхэн маань ч охин минь эмч болно гэж ярьдаг байлаа. Энэ
нь надад эмч болчихсон юм шиг сайхан мэдрэмж
өгдөг байж.
- -Эх барьж авсан эмчийгээ хүүхэд дуурайдаг гэж ярьдаг. Ийм яриа өрнөж байв уу?
-Хөгжилтэй яриа их гардаг шүү.
Таньдаг мэддэг хүмүүс, найз нөхөд төрчөөд манай хүүхэд яг чам шиг хааяа урсгал
ус шиг дөлгөөн байснаа гэнэт хуй салхи шиг аашилдаг гээд л ярина. Яг ийм л зүйл
сонсоод сууж байхдаа би ажлаараа бахархдаг даа. Миний ажил маш эрхэм ажил. Би
эхчүүдийг эрүүл саруул биетэй, эрүүл саруул үр удмаа тээхэд биеийг нь бэлддэг
тийм л буянтай ажил хийдэг. Манай тасаг
бүх насны эмэгтэй хүн болгонд туслах, тэдэнд тулгарч буй асуудал, өвчлөлийг
арилгах зорилготой юм шүү дээ. Эмэгтэйчүүдийн
тасгийг төрөх тасагтай эндүүрэх явдал их байдаг. Төрөх тасаг бол жирэмсэн
эхчүүд төрдөг бол эмэгтэйчүүдийн тасаг эмэгтэй
хүнд, бэлэг эрхтэнд үүссэн ямарваа нэг өвчлөл, төрөхийг хүссэн эмэгтэйд үүссэн
өвчлөлийг эмчлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх
зорилготой ажилладаг. Сүүлийн үед мэдээлэл
маш их задгайрч түүнээсээ болоод аман ярианд итгэх үзэл эргээд эрсдэлтэй байдлыг бий болгож байна. Жишээ нь хоёр найз ярьж байгаад тэр эм, энэ
лаа сайн гээд сонсоод л өөртөө эмчилгээ хийчихнэ. Дараа нь маш том муу үр
дагаврыг бий болгодог. Бид мэргэжлийн эмчид хандаж эрүүл мэндийн асуудлаа
шийдэж сурах хэрэгтэй.
- -Танай тасгийн онцлог юу вэ?
-Дээр ярьсан шиг таагүй байдал үүсэхэд маш олон хүчин зүйл нөлөөлдөг. Би ганц л жишээ дурдаад ярилаа. Мэргэжлийн эмчид хандаад зөвлөгөө авъя гэхээр эмч нарт нь цаг зав байдаггүй үе байсан. Харин эмэгтэйчүүдийн тасаг бий болсноор энэ асуудлыг багахан ч болов шийдвэрлэсэн гэж боддог. Энэ тасгийг бие даасан тасаг болгож өгсөн удирдлагууддаа маш их талархаж байдаг юм. Бид итгэлийг нь алдахгүй улам хөгжин дэвшихийн төлөө тэмүүлэн хөдөлмөрлөх болно.
Ингээд эмч маань дуудагдаж, бидний яриа өндөрлөхөөс өөр аргагүй болов. Эмч хүний алба ийм л байдаг. Ажилдаа чин сэтгэлээ зориулан Хэнтийн олондоо үйлчилж байдаг Ц.Амгаланбуян эмчийнхээ цаашдынх нь ажил амьдралд сайн сайхныг хүсэн ерөөе.