2016 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн ЭМГ-аас “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийнхээ нээлтийг хийлээ. Нийгмийн эрүүл мэнд гэдэг нь нийт хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих, амьдралыг нь уртасгах зорилго бүхий цогц үйл ажиллагааг хэлдэг. Үүн дотроо хүн амын нийтийн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэлтийн тухай яригддаг юм байна.
Нийгмийн эрүүл мэнд нь нийгмийн эрүүл мэндийн нөхцөл байдалд байнга мониторинг хийх, нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг тодорхойлж, судалгаа хийх, эрүүл мэндтэй холбоотой асуудлаар хүн амыг сургах мэдээллээр хангах, эрүүл мэндийн тулгамдсан асуудлаа шийдэх чиглэлээр хамт олныг дайчлан оролцуулах, НЭМ-ийн бодлого, төлөвлөгөө стратеги боловсруулах, хууль, тогтоолыг боловсруулж хэрэгжүүлэх, хувь хүнд хэрэгцээтэй үйлчилгээг авахад туслах, НЭМ-ийн хүний нөөцийн баталгааг хангах гэсэн ерөнхий аргачлалаар хийгдэх юм. Үүний үр дүн нь вакцин, эрүүл ажлын байр, эрүүл хоол, замын аюулгүй байдал, халдварт өвчний хяналт, гэр бүл төлөвлөлт, архи тамхины асуудал, эх хүүхдийн эрүүл мэнд, ундны усны ариун цэвэр гэх мэт маш олон төрлийн ашигтай сайн хандлага нөлөөллийг бий болгоно.
Иргэдийнхээ эрүүл мэндэд анхаардаг улс оронд хүн эрт нас барах магадлал бага байдаг. Аймгийн ЭМГ-аас Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд хамт олны нөөц бололцоо, хүчин чармайлтыг зөв зохион байгуулж, олон салбаруудын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар нийгмийн эрүүл мэнд рүү нийтийг чиглүүлж эерэг хандлагыг ард иргэдэд нэмэгдүүлэхийг зорьж байна. Иймээс ард иргэддээ зориулж идэвхтэй хөдөлгөөн, зөв зохистой хоололтыг эрхэмлэж, биеийн жингээ тогтмол хянан, архи тамхины хэрэглээ зэрэг амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй халдварт бус өвчнөөс сэргийлж эрүүл энх байх уриалгыг гаргажээ.
Б.Туяа