“Улаанбаатар марафон 2019” тэмцээнд Д.Отгондалай оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ жилийн “Улаанбаатар марафон 2019” тэмцээнд “Рио 2016” олимпийн наадам, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай оролцохоор болжээ.
Тэрбээр 10 км-ын зайд гүйхээр өнөөдөр /2019.05.17/ энгэрийн дугаараа авсан байна. Жил бүрийн “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнд олны танил алдартнууд оролцдог уламжлалтай билээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн биеийн тамир, спортын хорооноос “Улаанбаатар марафон 2019” олон улсын гүйлтийн тэмцээнийг маргааш /2019.05.18/ Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Уламжлалт гүйлтийн тэмцээн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид /мэргэжлийн/ болон гэр бүл, тэргэнцэртэй иргэдийн дунд зохион байгуулдаг.
“Улаанбаатар марафон 2019” олон улсын гүйлтийн тэмцээний мэргэжлийн ангилал хагас /21095 м/ болон бүтэн /42195 м/ марафон гүйлтэд шилдэг тамирчид өрсөлддөг. Уралдаан тус бүрийн эхний 10 байрт шалгарсан тамирчид 800 мянгаас 10 сая хүртэлх мөнгөн шагналаар урамшуулдаг. Тодруулбал, бүтэн марафонд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй тамирчдыг 10 сая төгрөгөөр урамшуулна. Харин өсвөрийн ангиллын 5000 метрийн зайд эхний байранд орсон тамирчдыг 50-200 мянган төгрөгөөр шагнана.
Өнгөрсөн 2018 оны гүйлтийн тэмцээнд АНУ, Австрали, Канад, Малайз, БНХАУ, БНСУ, Япон зэрэг 30 орны 400 гаруй гүйгчид оролцсон. Тэдэнд дунд мэргэжлийн тамирчдын ангилалд Кени, Этиоп, Японы тамирчид багтаж, медальт байрт шалгарч байсан юм. “Улаанбаатар марафон 2019” олон улсын гүйлтийн тэмцээний үеэр төвийн замын автомашины хөдөлгөөнийг хаах бөгөөд нийтийн тээвэрт багагүй өөрчлөлт орж хотын төв хэсгээр явдаг троллейбус үйлчлэхгүй.