МҮАН-ын дарга М.Энхсайхан ИЗНН-д эвсэх санал хүргүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМҮАН-ын дарга М.Энхсайхан ирэх сонгуульд "Эх орон, Ардчилал, Шударга ёс" эвсэл байгуулах саналаа ИЗНН-ын удирдлагуудад хүргүүлжээ.
Уг албан тоотод, "Энэ цаг дор улс төрийн бүх намууд хамтран ажиллаж, эв эеийг хичээж, хуваагдан задарч бус, эвсэн зохицох замаар хүнд бэрх цагийн сорилтыг даван туулах түүхэн шаардлага тулгарч байна. Ялангуяа үзэл санаа ойролцоо, бодлогын намууд хямралаас гарах бодлого, тактик боловсруулж, төрийн бодлого болгох чиглэлд хамтран ажиллах нь төр засгаа цэгцлэх, бодлого үйл ажиллагааг тогтвортой, залгамж чанартай, уялдаатай болгоход онцгой чухал юм. Иймд Монгол улсын үндэсний эрх ашиг, өнөөгийн нийгмийн нөхцөл байдлыг үндэслэн нийгмийн тэргүүлэгч хүчнийг бүрдүүлэн зохион байгуулах зорилго бүхий "Эх орон, Ардчилал, Шударга ёс" эвсэл байгуулах үйл хэрэгт танай намыг идэвх санаачилга гарган ажиллахыг уриалж байна" гэжээ.
Түүнчлэн энэхүү уриалгад нэгдэн Монгол төрийг урлан бүтээх их үйлсэд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн аж.
Б.Туул