Ирэх сард Азийн спортын гимнастикчид Улаанбаатарт ур чадвараа сорино
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Спортын гимнастикийн Ази тивийн өсвөрийн болон насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголын гимнастикийн холбооноос 2019 оны зургадугаар сард Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулна.
Азийн өсвөрийн гимнастикийн аварга шалгаруулах цомын тэмцээнд одоогоор 7 орны баг мэдүүлгээ өгсөн бол насанд хүрэгчдийн тивийн АШТ-д 15 баг оролцохоор мэдүүлжээ. Эх орондоо анх удаа болох энэ тэмцээнд ур чадвараа сорих Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүн тодорсон бөгөөд бэлтгэл сургуулилтаа эрчимтэй базааж байгаа аж.
Манай шигшээ багийн бүрэлдэхүүнд АНУ-д амьдардаг гимнастикийн
тамирчин Ж.Тэгшмөрөн багтжээ. Тэрбээр АНУ-ын Чикаго мужийн гимнастикийн багт
хичээллэдэг бөгөөд түүний ах Ж.Номондалай АНУ-д мужийн аварга болж байсан тамирчин юм байна.
Ж.Номондалай нь ОУХМ, Гимнастикийн холбооны дасгалжуулагч Ц.Алтантөгсийн шавь байсан бөгөөд Монгол Улсынхаа нэрийн өмнөөс ДАШТ болон Оюутны Универсиад наадамд оролцож байжээ. Ж.Номондалай АНУ-д суралцахын зэрэгцээ дасгалжуулагчаар ажилладаг юм байна.