“Жудагт Монгол” холбооноос тайван цуглаан зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-03-28 17:39:39

“Жудагт Монгол” холбооноос “Үндэсний эв нэгдэл” цуглааныг энэ сарын 31-нд Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулна.

Энэ үеэр Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, шударга ёс зэрэг ардчиллын үнэт зарчим болох гол асуудлуудад үнэлгээ өгөх юм.

“Жудагт Монгол” холбооны Ерөнхийлөгч Ж.Гомбожав, “Энэ цуглаанаар хэн нэгэн хүнийг гүтгэхгүй, олон нийтийг хүчирхийлэлд уриалан дуудахгүй. Хуримтлагдсан асуудлаа шийдвэрлэхийн төлөө тайван цуглаан хийх юм” гэв. Мөн үеэр ирэх сонгуулийг шударгаар явуулж, зөв сонголт хийхийг иргэддээ уриалах аж.

Цуглаанд Монголын Залуучуудын холбоо, Монголын үйлдвэрчний холбоо, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Монголын ахмадын холбоо болон бусад төрийн бус байгууллагууд хамтарч оролцохоор болжээ. Энэ үеэр хөндсөн гол асуудлаар Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт шаардах бичиг хүргүүлэх гэнэ.

Э.Бат-Уянга

Связанные новости