Б.Цогт-Орших: Гадны тусламж дэмжлэгийг татах чиглэлд анхаарч ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-06-06 11:34:44

Хэнтий /МОНЦАМЭ/ “Улсын хөгжил суманд” гэх үг зүгээр ч нэг хүүрнэл бус аж. Улсаа хөгжүүлэх арвин их үүргийг иргэдтэйгээ үүрэлцэн буй Жаргалтхаан сумын Засаг дарга Б.Цогт-Оршихтой сумаа хөгжүүлж буй гарц, хэрэгжүүлж буй ажил хэрэг, сумын бүтээн байгуулалтын талаар хүүрнэлдлээ.


-Сайн байна уу? Сайхан зусч байна уу? Энэ жил хэрхэн өвөлжиж хаваржив? Сум орны нөхцөл байдал ямар байна вэ?

-Сайхан зусч байна аа. Энэ жилийн хувьд Жаргалтхаан сум 226 мянган толгой мал тоолуулсан. 104 мянган хээлтэгч мал төллөөд үндсэндээ дуусч байна. Бод малын хувьд 90 орчим хувь нь төллөсөн. Энэ жилийн хувьд хур чийг харьцангуй эрт орлоо. Тийм учраас зуншлага сайхан болох төлөвтэй байна.

-Жаргалтхаан сум тохижилтын хувьд сайхан болжээ. Сүүлийн үед хийж буй бүтээн байгуулалтын талаар дурдвалСаяхан Ерөнхий сайд ирээд нэлээдгүй асуудлыг шийдээд явжээ.

-Манай сум зүүн чиглэлийн магистрал зам дагуу байрладаг учраас дэд бүтцийн хувьд хөгжих боломж ихтэй. Мөн сумын ард иргэд сумаа хөгжүүлэх болон цэвэр цэмцгэр байлгах тал дээр үргэлж санаа тавьж өөрсдийн хувь нэмрээ оруулдаг. Бүтээн байгуулалтын хувьд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар олон төрлийн ажлыг өрнүүлж байна. Саяхан Засгийн газрын бие бүрэлдэхүүн нэлээд өргөн хүрээгээр суманд ирж ажиллалаа. Суманд бүтээн байгуулалт өрнүүлэх олон асуудлыг шийдэж өгсөнд сумын ард иргэд баяртай байгаа.

-Тухайлбал ямар ямар ажлыг шийдвэрлэв?

-Манай сум руу Цэнхэрмандал сумаас 35 км агаарын цахилгаан шугам татах ажил энэ оны төсөвт шийдэгдсэн. Энэ бол нэлээд томоохон ажил буюу 3,3 тэрбум төгрөгийн өртөгтэй. Манай сумын хувьд үндсэн асуудал бол тогны хүчин чадлаа нэмэгдүүлэх байсан. Мөн гамшиг ослын үед ашиглах пургон автомашиныг гардаж авсан. Эрүүл мэндийн салбарын хувьд бүрэн тоноглогдсон автомашин олгохоор болсон. 2020 онд 320 хүүхдийн сургуулийн шинэ барилга, эмнэлгийн засварын ажил, цэцэрлэгийн засварын ажил зэргийг төсөвлөсөн.

умын хүн амын тоо хэд вэ? Сумын шилжилт хөдөлгөөн аль тал руу байна?

-Энэ жил 2214 хүн ам тоологдсон. 684 өрхтэй. Жаргалтхаан сумын хүн ам сүүлийн жилүүдэд өсч байна. Ерөнхийдөө тодорхой түвшиндөө байдаг. Дэд бүтцийн хувьд үзвэр үйлчилгээ, томоохон үйлчилгээний газрууд нэмэгдэх хандлагатай байна. Үүнтэй уялдаж сумын хүн ам нэмэгдэж байна.

-Жаргалтхаан суманд кимчи үйлдвэрлэдэг. Энэ ажлыг анх хэрхэн яаж сумандаа татан бий болгов? Одоогоор хэд дэх жилдээ хэрэгжиж байна вэ?

-“JCI CIGAPU” Солонгосын байгууллагын дэмжлэгтэйгээр Чэжү мужийн захиргаанаас тодорхой хөрөнгө орж, хүлэмжийн аж ахуй байгуулан, “GOOD HEALTH, GOOD FRUIT хэмээх төсөл таван жил хэрэгжиж байгаа. Энэ хугацаанд сумын ард иргэдийг эрүүл хүнсээр хангаж ажиллалаа. Хүнсний нарийн ногооны хүлэмжийн ажлын дэмжлэг үзүүлсэн. Монголын “JCI LEADER” хэмээх байгууллагатай бид холбоо тогтоосон. Энэ байгууллага Солонгосын “JCI CIGAPU” байгууллагатай хамтын ажиллагаатай бөгөөд тус хүрээнд биднийг энэ ажилд татан оролцуулсан учиртай. Үүнээс улбаалан иргэд маань хүлэмжийн аж ахуй эрхлэн, нарийн ногоо тарьж, зам дагуу худалдаалдаг болсон. Мөн цаашлаад “Жаргалтхаан кимчи”-ийг үйлдвэрлэж эхэлсэн.

-Хэчнээн төрлийн хүлэмж байна вэ?

-Зуны 30x6 харьцаатай хүлэмж 8 байна. Өвлийн 50x10 харьцаатай хүлэмж жилийн дөрвөн улиралд суурилсан. Зам дагуу хүлэмжний нарийн ногоо борлуулах дэлгүүрийн барилгатай. “JCI“ байгууллагын буцалтгүй тусламжийн хүрээнд эдгээр ажлыг хэрэгжүүлснээс гадна халуун ус, сауны барилга барьсан. Ингэхлээр бид гадны тусламж дэмжлэгийг татах чиглэлд анхаарч ажиллаж байна.

-Жаргалтхаан сум бол нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав гуайн төрсөн нутаг. Түүний нэрэмжит уралдааныг нутагтаа анх удаа зохион байгуулжээ. Энэ талаар сонирхуулна уу?

-Энэ хүн бол Хэнтий нутгийн бахархал болсон хүн. Мөн цаашлаад хөгжмийн урлагаар дэлхийд Монголоо таниулсан хүн. Түүний бүтээлийг алдаршуулах, бусдад сурталчилж, түгээн дэлгэрүүлэх ажлыг бид бүхэн хийж байгаа. Өнгөрсөн жил сумандаа “Сэрсэн тал” залуу дуулаачдын улсын уралдааныг зохион байгуулсан. Үүнд мэргэжлийн 42 залуу дуулаач ирж оролцсон. Цаашлаад бид энэхүү уралдаанаа уламжлал болгоно. Тус уралдааны үеэр бид Б.Шаравын гэр урланг байгуулсан. Манай нутагт зочилсон хэн бүхэн хөгжмийн зохиолч Б.Шаравын талаар судалж танин мэдэж, гэр урлангаар зочлох бүрэн боломжтой. Мөн өөрөө ирж уран бүтээлээ туурвидаг. Өнгөрсөн зун хэдийгээр бие нь чилээрхүү байгаа ч гэсэн хөгжмийн зохиолч маань өөрийн биеэр урландаа ирж, бүтээлээ туурвисан. Бид нэртэй хүмүүсээ бусдад таниулж сурталчлах ялдамд сум орон нутгаа сурталчлах ажлыг нутгийн иргэдийнхээ хамт өрнүүлж байна.

-Сумын иргэдийн хэдэн хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэг вэ? Амьжиргаагаа залгуулж чадахгүй хүмүүс хэр олон байна? Тэдэн рүү чиглэсэн ямар ажлууд хийж байгаа вэ?

-Сумын 684 өрхийн 60 гаруй хувь нь мал аж ахуй эрхлэн амьдарч байна. Малчин буюу мал бүхий өрх 470 орчим. Үлдсэн хэсэг нь төрийн алба хаших болон бусад ажил хөдөлмөр эрхлэн сумын төвд амьдарч байна. Ажилгүйдлийн түвшний хувь харьцангуй бага буюу судалгаагаар 100 гаруй хүн байна. Өнгөрсөн жил идэвхтэй ажил хайгч 32 хүн байна гэж бүртгэгдсэн. Эдгээр хүмүүсээ ажилтай орлоготой болгох үүднээс олон ажлыг санаачлан хийж байгаа. Өнгөрсөн жил түр буюу байнгын ажилд 164 хүнийг зуучилсан. Сумын жижиг, дунд бизнесийг дэмжих сан, сум хөгжүүлэх сан зэргээр бизнесийн үйл ажиллагааг нь дэмжиж байна. Өнгөрсөн жил 40 өрх 201 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл тусламжид хамрагдсан. Буцалтгүй тусламжийг мөн үзүүлж байгаа. Тухайлбал, зургаан өрхөд гэр олгож, 40 өрхөд буцалтгүй тусламж дэмжлэг үзүүлсэн. Сурах эрмэлзэлтэй таван өрхийн хүүхдийг тэтгэлэгт хамруулж, сургалтын төлбөрт дэмжлэг үзүүллээ. Энэхүү үйл ажиллагаа маань цаашлаад сум орноо хөгжүүлэх боловсон хүчин бэлтгэхэд оршино.

 

Связанные новости