Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарынхан төрийн одон медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-07-10 13:28:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт үр бүтээлтэй ажилласан хүмүүст шагнал гардуулах ёслол өнөөдөр БСШУСЯ-нд боллоо. Шагналыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон бусад удирдлагууд гардуулав.


Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт үр бүтээлтэй ажилласан хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон медаль, болон Монгол Улсын Засгийн газрын хүндэт өргөмжлөл хүртээсэн юм.


Монгол Улсын Засгийн газрын дээд шагнал “Хүндэт өргөмжлөл”-өөр математикийн хөтөлбөрийг олон улсын түвшинд харьцуулан судалж, шавь нартаа математикийн суурийг бат эзэмшүүлж, олон улсын болон улсын математикийн олимпиадад тогтмол амжилттай оролцуулсан, математикийн гүнзгийрүүлсэн хөтөлбөрийг боловсруулан, хэрэгжүүлэхэд идэвх, санаачилгатай ажилласан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр сургуулийн математикийн багш Н.Баянбатыг шагнасныг гардууллаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор БСШУСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ш.Сарантуяа, “Монгол кино” нэгтгэлийн ахмад ажилтан Д.Лодой, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Бор-Өндөр” цогцолбор сургуулийн ахмад багш С.Шаарийбуу, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Б.Туул нарыг шагнав.

Алтан гадас одонгоор Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн хичээлийн эрхлэгч, ахмад багш С.Туул, Баянгол дүүргийн 73 дугаар сургуулийн хичээлийн эрхлэгч, ахмад багш М.Жавзандулам, Налайх дүүргийн 100 дугаар сургуулийн ахмад багш Х.Бямбасүрэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын ахлах мэргэжилтэн Ж.Баасансүрэн, ХААИС-ийн багш Ч.Оюун, Бөхийн өргөөний үйлчлэгч Ц.Алимаа, Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрийн дуучин Ч.Миеэжав, “Монгол кино” нэгтгэлийн кино техникч, ахмад ажилтан Б.Дарамранз, кино зургийн техникч, ахмад ажилтан Д.Цэндсүрэн нар шагнууллаа.

Хөдөлмөрийн хүндэт медалиар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дасгалжуулагч Л.Наранбаатар, мөн газрын хэвлэлийн төлөөлөгч Б.Онон нарыг шагнасан юм.


Связанные новости