Ерөнхийлөгч Х.Баттулга БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын сайдыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-07-10 15:05:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч Х.Баттулга БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Ламыг хүлээн авч уулзав.


Ноён То Лам Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх нарын урилгаар энэ сарын 12-ныг дуустал Монгол Улсад айлчилж байгаа юм. Уулзалтын эхэнд ноён То Лам айлчлалынхаа хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс-БНСВУ-ын гэрээ,  Дотоод хэргийн салбарын бусад чухал баримт бичгүүдийг үзэглэсэн нь цаашдын хамтын ажиллагаа хөгжих суурь болж буйг удрдлаа.


Мөн энэ жил тохиох Вьетнам, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг ард түмэн, төр засгийн хүрээнд тэмдэглэх гэж буйд баяртай байгаагаа, найрамдалт харилцаа тогтоосноос хойш бүхий л түвшний харилцаандаа хүндэтгэлтэй, сэтгэл хангалуун явж ирснээ илэрхийлсэн юм.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ноён То Ламыг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд айлчлал нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд чухал нөлөө үзүүлсэн, шат ахисан айлчлал боллоо хэмээн дүгнэв. Мөн айлчлалын үеэр Үндэсний их баяр наадам болж байгаа тул Монгол Улсад тухтай саатаж, наадмын өнгө төрхөөс монголчуудын талаар илүү их танин мэдэх нь хамтын ажиллагаанд эерэг нөлөөтэй хэмээн баяр наадмыг үзэж сонирхохыг урилаа.


Ноён То Лам мөн монголчуудын Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр эхэлж байх үеэр айлчилсан нь аз завшаан гээд нам төр, засгийн удирдлагуудынхаа нэрийн өмнөөс Үндэсний их баяр наадмын мэнд хүргэлээ.

Связанные новости