2015 оны ажлаараа нийслэл тэргүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ2015 оны үйл ажиллагаагаараа тэргүүлсэн аймаг нийслэлийн шагналыг өнөөдөр Төрийн ордонд гардуулах ёслол боллоо.
Нийслэлийн ЗДТГ өнгөрсөн оны үйл ажиллагаагаараа тэргүүлсэн байна. Улаанбаатар хот энэхүү шагналыг төрийн нэг цэгийн үйлчилгээ, гэр хорооллын дахин төлөвлөлт, цахим газар өмчлөл зэрэг нэр бүхий ажлаараа хүртэв. Нийслэлийн дараа Орхон, Сүхбаатар, Булган, Архангай, Говь-Алтай аймаг орсон ба тэдгээр аймаг мөн орон нутагтаа хийсэн томоохон бүтээн байгуулалтын ажлаараа энэхүү шагналыг гардав.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг аймаг нийслэлийн Засаг дарга, ЗДТГ-ын дарга нарт шагналыг гардуулсаны зэрэгцээ Засгийн газрын нэрийн өмнөөс баяр хүргэлээ. Тэрбээр цаашид гаргасан амжилтаа бататган, үйл ажиллагаагаа улам нээлттэй болгож, бодлогын зорилт, түүний хэрэгжилт, үр дүнг хэлбэрэлтгүй ханган, хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлыг төрийн бодлого, зорилт, төр, захиргааны байгууллагын ажлын гүйцэтгэлийн үр дүнг нэмэгдүүлэх үндсэн арга хэрэгсэл болгон ашиглаж ажиллахыг хүссэн юм.
2015 үйл ажиллагааны үр дүнгээр өндөр үнэлгээ авч, тэргүүлсэн нийслэл болон Орхон, Сүхбаатар, Булган, Архангай, Говь-Алтай аймгийн ЗДТГ-ыг тус бүр 10 сая төгрөгөөр шагнаж, ЗДТГ-ын дарга нарт нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгож байгаа аж.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал