УИХ-ын даргыг огцруулах асуудлыг МАН хөндөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-04-05 15:02:01

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа, Н.Номтойбаяр нар өнөөдөр бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Бүлгийн хуралдаанаар улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, орон нутаг, нийслэлийн дүүргүүдэд гишүүд хэрхэн ажилласан тухай мэдээлэл солилцож, цаашид авах арга хэмжээ, гарцын талаар ярилцсан байна. Мөн энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэсэн байна.

Бүлэг цөмийн хог хаягдлыг үүссэн улс оронд нь булшлах конвенцид нэгдэн орох асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэж оролдсон хэмээн үзэж, УИХ-ын дарга З.Энхболдыг огцруулах асуудлыг хөндөхөөр шийджээ. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт "УИХ-ын дарга З.Энхболд энэ албан тушаалд хууль зөрчиж томилогдсон. Томилогдсоны дараа МАН-ыг бүлэггүй байлгах, гишүүдийн байнгын хороонд харьяалагдах эрхийг хязгаарласан. УИХ-ын гишүүдийн хэлсэн үгэнд тайлбар хийж, доромжлох үйлдэл газар авсан. Зайлшгүй шаардлагатай бус асуудлуудыг хэлэлцэх гэж ээлжит бус чуулганыг удаа дараа зарладаг болсон. Ээлжит бус чуулганаар авлигачдыг өршөөх, сайд нарыг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Хамгийн сүүлд УИХ-ын дарга үүссэн улс оронд нь цөмийн хог хаягдлыг булшлах конвенцид нэгдэн орох асуудлыг хэлэлцэх гэж оролдлоо. Иймээс УИХ-ын даргын албан тушаалыг хаших ёс зүйн эрхгүй хэмээн үзэж огцруулах асуудлыг тавихаар болсон" гэлээ.

МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан "давхар дээл тайлах" буюу УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж болохгүйг хуульчлах хуулийн төслийг хэлэлцээд, үндсэн чиг үүргийн яамдын сайдууд болон Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүн байж болно гэсэн саналыг дэмжсэн аж.

Үүний зэрэгцээ өр зээлийн асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ. Уг ажлын хэсэг өр зээлийн өнөөгийн байдалд дүгнэлт хийж, өрийг хэрхэн дарах бодлогыг боловсруулах юм. Бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа, "Хамгийн сүүлд Засгийн газар авсан 750 сая ам.долларын зээл нь төсвийн цоорхойг нөхөх, өмнө авсан зээлийн хүү, торгуульд төлөх зориулалттай гэж бид хардаж байгаа. Яагаад гэвэл өмнө авсан зээлүүдэд жилд 300 сая ам.долларын хүү төлж байна. 2016 онд зөвхөн зээлийн хүүний төлбөрт нэг их наяд төгрөг төлөхөөр төсөвлөгдсөн. Зээлийн үйлчилгээний төлбөрт 2012 онд улсын төсвөөс 37 тэрбум төгрөг зарцуулдаг байсантай харьцуулахад энэ бол 25 дахин их үзүүлэлт. Тиймээс энэ хэмжээний төлбөрүүдийг хийх чадвар өнөөгийн Засгийн газарт байхгүй болсон учраас гадна талаас зээл авах байдлаар өрөө өрөөр солих арга зам хайж байна. Ер нь 10-аас дээш хувийн хүүтэй долларын зээл авах нь эдийн засаг уналттай үед манай улсад асар хохиролтой" гэв.

Түүнчлэн уг бүлгээс цаг үеийн асуудлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт  шаардлага хүргүүлэхээр болжээ. Бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр "Бид Ерөнхий сайдыг Монголын эдийн засгийн форум дээр хэлсэн гадаад харилцаа, аюулгүй байдалд эрсдэл учруулах хариуцлагагүй мэдэгдэлдээ залруулга хийхийг шаардаж байна.  Өр зээлийн асуудлаар манай бүлгийн нэр бүхий гишүүд рүү дайрч гүтгэсэн асуудалд залруулга хийхийг шаардаж байна. Эдгээр шаардлагыг эс биелүүлвээс шүүхэд хандах болно" гэж мэдэгдлээ.

Б.Туул

Связанные новости