Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлд урьдчилсан хяналт шалгалт эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сургууль, цэцэрлэгийн гал тогоо, хүүхдийн хоол үйлдвэрлэл, хангамжид урьдчилсан хяналт шалгалтыг энэ сарын 2-ны өдрөөс эхлүүлэн, 14 хоногийн хугацаанд зохион байгуулж байна.
Шалгалтаар сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, хүнс хангамжийн төвүүд болон хүнс нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт хийж, хүнсний чанар, аюулгүй байдлыг хангаж буй эсэхийг шалгах юм. Энэ хүрээнд Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Ерөнхий боловсролын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай, Баяжуулсан хүнсний тухай, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг үнэлж, дүгнэлт гаргана.
ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Б.Батшагай, нийслэлийн ахлах байцаагчийн хамт нийслэлийн ерөнхий боловсролын 141 дүгээр сургууль, 19 дүгээр цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хийж буй шалгалтад хяналт тавьсан байна. Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 173, төрийн бус өмчийн 153 ерөнхий боловсролын сургууль, төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Энэ хичээлийн жилд өмчийн хэлбэр үл харгалзан түүвэрчилсэн байдлаар 67 сургууль, 69 цэцэрлэгт хяналт шалгалт хийхээр төлөвлөжээ.
Мөн хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг орон нутгийн өмчит таван хүнс хангамжийн төв болон хувийн аж ахуйн нэгжүүдийн нийлүүлж буй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, баталгаажилт, тээвэрлэлт, хадгалалтын нөхцөлийг шалгах юм.