НҮБ-ын шинэ конвенцид 46 улс нэгдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Сингапур Улсад энэ сарын 6-7-нд Зуучлалын үр дүнд байгуулах олон улсын маргаан шийдвэрлэх хэлэлцээрийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцид гарын үсэг зурах ёслол болон Дээд хэмжээний хурал зохион байгуулав.
“Сингапурын зуучлалын конвенц” (Singapore Mediation Convention) хэмээн нэрлэгдээд буй энэхүү конвенцийг гурван жилийн хугацаанд 85 гишүүн-улсын дунд идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлсэний үр дүнд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2018 оны 12 дугаар сард баталсан. Олон улсын худалдааны эрх зүйн комисс (ЮНСИТРАЛ)-оос 2002 онд Олон улсын арилжааны Загвар хуулийг боловсруулсан бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг маргаан шийдвэрлэх хамгийн оновчтой, түргэн шуурхай, санхүүгийн алдагдал багатай арга зам хэмээн үздэг. Монгол Улсын хувьд тухай салбарын олон улсын конвенциудад нэгдэн орсон төдийгүй өөрийн улсын хууль тогтоомждоо зохих шинэчлэл, нэмэлт, өөрчлөлтийг оруулсаар ирсэн.
Конвенцид гарын үсэг зурах ёслолд 70 гаруй улсын төлөөлөгч оролцсоноос 46 улсын төлөөлөгч гарын үсэг зурав. Монгол Улсаас Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайхан гарын үсэг зурах ёслол, дээд хэмжээний хуралд оролцов. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайханд Бүгд Найрамдах Сингапур Улсын Хууль зүйн яамны төрийн тэргүүн сайд Эдвин Тонг бараалхаж, хоёр улсын хууль зүйн салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Сингапурын талаас олон улсын худалдааг хөнгөвчлөхөд чиглэсэн уг конвенцийн ач холбогдлыг дурдахын зэрэгцээ Монгол Улс ойрын хугацаанд нэгдэн орно хэмээн найдаж буйгаа илэрхийлэв.
Сингапурын олон улсын зуучлалын хүрээлэнгээс энэ сарын 2-5-нд “Олон улсын худалдаан дахь зуучлалын мэтгэлцээний тэмцээн”-ийг зохион байгуулж, улмаар 17 улсын 39 баг өрсөлдсөнөөс Монгол Улсын иргэн Батбаатарын Ариунсанаагийн оролцсон “Mediation Work” баг ялалт байгуулжсан. Улмаар Сингапурын зуучлалын конвенцийн гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд оролцох эрх авсан юм. Амжилттай оролцож, улсынхаа нэр хүндийг өргөсөн ирээдүйн хуулийн ангийн оюутан Б.Ариунсанаад Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайхан баяр хүргэж, цаашдын хичээл сурлагад нь амжилт хүсэв.