Монгол судлаач Н.К.Рерихийн судалгааны бүтээлийг идэвхжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-08-16 15:40:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Рерих нар ба Монгол” Олон улсын эрдэм шинжилгээний II их хурал Улаанбаатар хотноо Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн Монгол Зургийн танхимд өнөөдөр эхэллээ.  

Хурлыг нээж Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин үг хэлэв. Тэрбээр хэлэхдээ, “Рерих бол монгол судлаачдын дундаас монгол орны түүх, байгалийн дүрслэлийг бүтээлийнхээ нэгэн чухал сэдэв болгодог онцлогтойг монголчууд сайн мэддэг. Монголчууд бэлгэдэгч сэтгэлгээтэй ард түмний хувьд Н.К.Рерихийн “Улаан хөлөгт баатар” бүтээлийн агуулгыг сайшаан хүндэтгэдэг. Тус бүтээл Монгол орон, Монголчуудын ирээдүйг өөдрөгөөр дүрсэлсэн хамгийн сайхан бүтээлийн тоонд зүй ёсоор орно. Манай нийслэл “Улаанбаатар” хотын нэрийг энэ бүтээлтэй холбох нь бий. Ингэж үзвэл Рерих авгайг монголчууд, манай нийслэлчүүд хүндэтгэхгүй байхын аргагүй бөгөөд агуу судлаачийг, зураачийг мэддэг байх нь зүй ёсны хэрэг болно” хэмээв.

Монгол орныг судалж, уран бүтээлийнхээ гол сэдэв болгож байсан дэлхийн нэрт уран зураач, монгол судлаач Н.К.Рерихийн бүтээлийн судалгааг идэвхжүүлэх зорилготой энэхүү эрдэм шинжилгээний хурал “Тэнгэрийн үзэл ба Космизмын онол” сэдвийн дор болох юм. Хурлыг Шамбала музейгээс Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран Монгол Улсын Засгийн газар, БСШУЯ, ГХЯ, ОХУ-ын Монгол Улс дахь ЭСЯ-ны дэмжлэгтэй зохион байгуулж байна. Эрдэм шинжилгээний хуралд Орос, Итали зэрэг 20 гаруй орны эрдэмтэн судлаач оролцож, судалгааныхаа илтгэлийг хэлэлцүүлнэ. 

Хурлын үеэр Дүрслэх урлагийн музейн судлаачид өөрийн сан хөмрөгт хадгалж буй 1927 онд Монгол Улсын Ерөнхий сайд Цэрэндоржид бэлэглэсэн Н.К.Рерихийн “Улаан хөлөгт баатар” уран зургийн талаарх химийн шинжилгээний танилцуулга илтгэлийг тавих юм. Н.К.Рерих нь Монгол орноор тойрон аялсныхаа дараа энэхүү бүтээлээ туурвисан бөгөөд  “Шамбалын хаан Рэгдэндагва ирж байна, монгол эх оронд шамбалын эрин үе ирж, ард иргэд нь олноор жарган суух сайн цаг болно” хэмээн бэлгэдэн зурсан гэж үздэг аж. Улмаар уг зургийн нэрээр нийслэл хотоо Улаанбаатар хэмээн өгсөн ч гэж зарим эрдэмтэд нотлон тайлбарладаг байна. Мөн энэ үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Засгийн газраас Н.К.Рерихийн гэр музейн үйл ажиллагааг дэмжин санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэснийг мэдэгдэж, “Улаан хөлөгт баатар” зургийн эх хуулбарыг “Шамбала” музейн удирдлагад гардуулав.

Тус хурал гурван өдөр үргэлжилнэ.

Связанные новости