Зам гүүрийн бүтээн байгуулалтын ажлын нээлт энэ сарын 18-нд болно
МОНГОЛЫН МЭДЭЭЗГХЭГ-аас өнөөдөр аймгуудын удирдлагуудтай цахим хурал хийлээ.
Энэ үеэр ЗГХЭГ-ын дэд дарга Г.Ганболд энэ сарын 18-ны морин цагт орон даяар зам гүүрийн бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Засгийн газар, Зам тээврийн яамнаас бүтээн байгуулалтын энэхүү ажлыг албажуулж, албан ёсны нээлт хийнэ. Нээлтэд Ерөнхий сайд, Зам тээврийн сайд, тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд болон бусад албаны хүмүүс оролцохоор төлөвлөж байгаа гэдгийг орон нутгийн удирдлагуудад дуулгаад нээлтийн үйл ажиллагаатай холбоотой бэлтгэл ажлыг сайтар хангахыг захилаа.
Ёслолын арга хэмжээ Дорнод, Завхан, Ховд, Сэлэнгэ, Орхон гэсэн таван аймагт болох ба МҮОНТ-ийн 600-гийн студиэс шууд дамжуулан үзүүлэх юм. Мөн бусад төвийн болон орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын хэвлэн нийтлэх бололцоог зохион байгуулагчдын зүгээс хангаж ажиллах гэнэ.
Мөн хурлаар хөдөө орон нутгийн интернэтийн үнийг бууруулж, Улаанбаатар хотынхтой ижил үнэтэй болгосон талаар холбогдох албаныхан мэдээлэл хийж, интернэтийн үнэ, хурд ямар байгаа талаар ярилцлаа. Ингээд ЗГХЭГ-ын дэд дарга Г.Ганболд интернэтийг жигд хурдтайгаар ашиглах үйл явцыг орон нутагт анхаарч ажиллахыг удирдлагуудад үүрэг болгов.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ