Э.Ниндэв: Тээврийн хэрэгслийн олон улсын дугаарын стандартыг нэвтрүүлэх шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-19 18:00:45

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Нийслэлээс тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах төслийг боловсруулж, Зам, тээврийн яамтай санал солилцлоо.


Уг стандартыг баталснаар манай улсын автомашины дугаартай иргэд олон улсад зорчихдоо ямар нэгэн саадгүй зорчих нөхцөл бүрдэхээс гадна ашиглаж буй улсын дугаараа дур мэдэн сольж, өөрчлөх зөрчил багасах ач холбогдолтой юм.


Энэ талаар нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-ын дарга Э.Ниндэв ярихдаа, “Өнөөдрийн байдлаар манай улсад мөрдөгддөг тээврийн хэрэгслийн улсын дугаарын MNS 4410:2017, MNS 4410:2002 стандарт нь олон улсын стандартад нийцдэггүй. Иймээс Монгол Улс Замын хөдөлгөөний тухай конвенц /олон улсын гэрээний эрх зүйн тухай венийн конвенц/-д нэгдсэнийхээ дагуу иргэдийн зорчих эрхийг эдлүүлэх хүрээнд тээврийн хэрэгслийн олон улсын дугаарын стандартыг нэвтрүүлэх шаардлага гарсан. Мөн  лацны стандартыг батлах ёстой. Ингэснээр иргэд тээврийн хэрэгслийн дугаарыг хоорондоо дамжуулах, тэгш, сондгойгоор хязгаарласан үед болон товчоогоор гарахдаа сольдог зөрчил арилна” гэв.


Тэрбээр, автомашины улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах нь төслийн шатандаа явж байгааг анхаарах хэрэгтэй. Хэрэв стандартыг баталж, хэрэгжих үед бүх тээврийн хэрэгслийн улсын дугаарыг төсвийн мөнгөөр солихгүй. Өөрөөр хэлбэл иргэд тээврийн хэрэгсэлдээ шинээр дугаар авч байгаа тохиолдолд шинэ стандартаар дугаарыг олгоно. Харин хуучин дугаартай иргэд өөрсдийн хүсэлтээр дугаараа шинэ стандартад шилжүүлэх боломжтой болж байгааг онцоллоо.


Ташрамд дурдахад, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас өнгөрсөн оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн уг баталсан дээд хязгаарт багтаан зургаан шалгуур үзүүлэлтээр нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг олгох, бусад тохиолдолд олгохгүй байх тогтоолыг үе шаттай хэрэгжүүлж байгаа аж. 


Связанные новости