ХБНГУ-ын урлаг судлаачдыг хүлээн авч уулзлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ХБНГУ-ын урлагийн түүх судлаач, шинжээч Күнстхалле Дюсселдорфын захирал Грегор Янзен, Эссен хотын Урлагийн дээд сургуулийн дэд ерөнхийлөгч, урлаг судлаач профессор Раймунд Штекер нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар 2020 оноос Монголын урлаг судлаач, шүүмжлэгч нартай хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар ярилцсан байна. Энэхүү төслөөр Монгол болон ХБНГУ, БНСУ зэрэг орны орчин үеийн чиглэлээр туурвидаг уран бүтээлчдийн үзэсгэлэнг Улаанбаатар, Дюсселдорф хотноо гаргах юм.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол-Германы урлагийн салбарынхан, уран бүтээлчдийн хамтын ажиллагааг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлжээ. Уулзалтад ХБНГУ дахь Монгол Улсын соёлын элч О.Оюунтуяа, урлаг судлаач Ж.Бодьбаатар нар оролцлоо.