Туялзуур сэлэмчид 10 жилийн ойгоо тэмдэглэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад “Туялзуур сэлэм”-ний спорт үүсэж хөгжсөний 10 жилийн ойд зориулсан тэмцээнд 6 клубийн 100 гаруй тамирчин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон энэ тэмцээний эрэгтэй төрөлд Дуэль клубийн тамирчин Б.Баттөмөр, “UB fеncing” клубийн тамирчин Б.Амарзаяа эмэгтэй төрөлд аваргаллаа. Ойн баярын хүрээнд ганцаарчилсан болон багийн улсын аварга шалгаруулах тэмцээн ийнхүү амжилттай болж шинэ залуу тамирчдаар энэ спортоор хичээллэгчид эгнээгээ өргөтгөн, ур чадвараа дээшлүүллээ.
Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан тэмцээнийг нээж, Туялзуур сэлэмний шигшээ багийн тамирчид, хамт олонд хандаж “Токио-2020” зуны Олимп, Паралимпын наадамд амжилттай бэлтгэн эрхээ авч дэлхийн тавцанд Монгол Улсын Төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа олонтаа мандуулахын ерөөл дэвшүүлж, амжилт хүсье” гэлээ.