2016 оны сонгуульд улсын төсвөөс 16.4 тэрбум төгрөг зарцуулахаар баталлаа
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.
Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 16 тэрбум 453 сая 912 800 төгрөгөөр тогтоох саналыг УИХ-д оруулж ирсэн юм. Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Сонгууль зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг хүн амын тоог сонгуулийн нутаг дэвсгэртэй харьцуулан гаргасан сонгуулийн төв байгууллагын саналыг үндэслэн УИХ тухай бүр батална” гэж заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн зардлыг тогтоосныг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хэлэлцсэн. Сонгуулийн тухай хууль Улсын төсөв батлагдсаны дараа батлагдсан учир зарим байгууллагын төсөвт сонгуулийн зардал тусаагүй, эсвэл дутуу туссан асуудлыг тус байнгын хорооны хуралдаанаар хөндсөн юм. Тухайлбал ЦЕГ-ын төсөвт санал авах байрыг хамгаалах, саналын хуудас хүргүүлэх зэрэг байгууллагын чиг үүрэгтэй холбоотой 220 гаруй сая төгрөгийн зардал тусгагдаагүй аж.
Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын төсөвт 2.2 тэрбум төгрөг тусгагдсан ч өмнөх сонгуулиудад хэрэглэж ирсэн зөөврийн компьютерийг шинэчлэх, бие даасан сервертэй болох зэрэг 1 тэрбум орчим төгрөгийн төлөвлөгдөөгүй зардал гарч байгаа юм байна. Тиймээс энэ мэт зардлыг нарийвчлан тооцож Төсөвт тодотгол хийлгүйгээр Улсын нөөцөөс гаргах боломжтой гэж тус байнгын хороо үзэж, Засгийн газарт чиглэл өгөх болсон. Харин СЕХ-ноос оруулж ирсэн тогтоолын төслийг дэмжиж, чуулганаар өнөөдөр хэлэлцүүлж байгаа юм.
Чуулганы хуралдааны үеэр гишүүд сонгуулийн зардал жил ирэх тусам өсч байгааг шүүмжилж, олон улсын хэмжээнд нэг хүнд ногдох зардал хэд байдаг, УИХ, аймаг нийслэлийн ИТХ-ын сонгуулийг хамт хийснээр зардал хэмнэж буй эсэхийг тодруулж байв. Үүнд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Энэ удаагийн сонгуулийн зардал 2012 оны сонгуулиас 400 орчим сая төгрөгөөр буурсан. Энэ удаад сонгуулийн насны хүн 146 мянгаар, сонгуулийн хэсэг 186, түүнд ажиллах хүний тоо 5000-аар нэмэгдэж, зардал дагаад өссөн. Мөн сонгуулиудыг хамтатгаж байгаа учир саналын хуудасны зардал нэмэгдэж байгаа. Гэсэн ч өмнөх сонгуулиудаас зардлыг бууруулж тооцсон. 2012 онд УИХ-ын сонгуульд 16.8 тэрбум, НИТХ-ын сонгуульд 400 сая, нийт 17.3 тэрбум төгрөг зарцуулсан. Түүнчлэн аймгийн ИТХ-д 5.3 тэрбум орчим төгрөг зарцуулж байсан. Үүнээс харахад зардал маш их багассан” гэлээ. Мөн гадаад улс орнуудад 1 хүнд ногдох сонгуулийн зардлын хэмжээ 9-12 евро байдаг бол Монголд 3-4 евро орчим байдаг аж. 2016 оны сонгуулийг зохион байгуулахад 1 хүнд 7270 төгрөг ногдохоор тооцсон байна.
Ингээд гишүүд асуулт асууж хариулт авсны дараа санал хурааж, “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа. Ингэснээр 2016 оны УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг зохион байгуулахад улсын төсвөөс энтой улсын 16 тэрбум 453 сая 912 800 төгрөг зарцуулах боллоо.
Н.Гантуяа