Нийтийн сонсголыг нэгдсэн стандартаар зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.
Хэлэлцүүлгийн эхэнд Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Н.Энхболд, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл танилцууллаа. Нийтийн сонсголын тухай хуулийг өмнө нь УИХ-аас баталсан. Нийтийн сонсгол зохион байгуулах болсонтой холбогдуулан УИХ, байнгын болон дэд, түр хороод нийтийн сонсголыг зохион байгуулах дэгтэй болох, мөн хуульд УИХ-аас хууль тогтоомжийн төслийн, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны сонсголын журмыг батлахаар заасантай холбогдуулан нийтийн сонсгол зохион байгуулах нарийвчилсан журам батлан гаргах зайлшгүй шаардлага гарч байгаа учраас нэр бүхий гишүүд уг тогтоолын төслийг санаачлан боловсруулжээ.
Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай УИХ-ын тогтооолын төслийн хавсралтаар Нийтийн сонсгол зохион байгуулах журмыг тогтоох бөгөөд уг журам нь Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллагаас нийтийн сонсголыг зохион байгуулахтай холбоотой харилцааг зохицуулах юм байна. Эдгээр хууль, тогтоолын төсөл батлагдсанаар Нийтийн сонсголын тухай хууль хэрэгжих нөхцөл бүрдэж, хууль хоорондын уялдаа холбоо хангагдана. Түүнчлэн нийтийн сонсгол зохион байгуулах үүрэг бүхий этгээдүүд сонсголыг зохион байгуулах нэгдсэн стандарт, дэгтэй болох аж.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ж.Батзандан холбогдох албан тушаалтнууд сонсголд хүрэлцэн ирээгүй тохиолдолд ямар хариуцлага тооцохыг лавлаж байв. УИХ-ын гишүүн А.Бакей хууль санаачлагчийн хувиар хариулахдаа, "Нийтийн сонсгол явуулах журам бол онцгой ач холбогдолтой. Дөрвөн төрлийн сонсголыг энэ журмаа зохицуулна. Зарим орны парламентын туршлагаас харахад сонсголд оролцож буй албан тушаалтан буруу мэдээлэл өгөхгүй гэж тангарагладаг, ирээгүй бол хариуцлага тооцдог. Хариуцлагын асуудлыг нэмж тусгах шаардлагатай гэвэл журманд оруулах бололцоотой" гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, "Нийтийн сонсголын хуулийг амь оруулах ёстой гэж үзэж байгаа юм. Эдгээр хууль журам нь төрийн ажлыг хуулийн хүрээнд явуулах боломжийг бүрдэнэ" гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Д.Ганхуяг нээлттэй сонсголын цензур ихдээд байгаа юм биш үү гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нам эвслийн бүлэг дээр нээлттэй сонсгол явуулах асуудлыг тусгаж болох уу гэсэн асуудлыг тодруулахад УИХ-ын гишүүн А.Бакей, "Нийтийн сонсголын тухай хуулийг УИХ баталсан. Тиймээс зарим асуудлыг журмаар зохицуулахаар оруулж ирсэн нь энэ. Хууль батлагдсан учир өөрчлөгдөхгүй" гэсэн тайлбарыг өгч байв. Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Б.Туул