Япон, Монголын Эдийн засгийн хорооны дарга Х.Цүбайг хүлээн авч уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-08-30 10:17:20
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХ-ны сайд Д.Цогтбаатар Япон, Монголын Эдийн засгийн хорооны дарга Х.Цүбай тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Д.Цогтбаатар сайд Япон, Монголын Эдийн засгийн хорооны даргаар томилогдсонд Х.Цүбайд баяр хүргээд, Монгол, Японы худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны түвшинг ахиулахад тус хорооны зүгээс илүү идэвх санаачилгатай ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэлээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх талаар бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа бөгөөд дэвшилтэт техник, технологийг Монголд нутагшуулан экспортын чадавхийг дээшлүүлэхэд Японы хөрөнгө оруулалтыг илүү татах сонирхолтой байгааг онцлов.

Харин Х.Цүбай хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дээрх чиглэл болон мэдээллийн технологийн салбарт гүнзгийрүүлэхэд анхаарч ажиллахаа тэмдэглэсэн юм. Цаашид улс төрийн өндөр итгэлцэлд суурилсан, харилцан ашигтай эдийн засгийн түншлэлийг хөгжүүлж, хоёр орны хувийн хэвшлийн хэлхээ холбоог улам гүнзгийрүүлэн батжуулахын төлөө хамтран ажиллах шаардлагатайг талууд онцоллоо.

Связанные новости