Цусны дээж авахгүйгээр сахарын хэмжээг тодорхойлно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДАбу-Даби. /WAM/. Пүрэв гарагт “Чихрийн шижинг ялцгаая” гэсэн уриан дор Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тэмдэглэсэн билээ. Үүнтэй холбогдуулан Абу Даби хотын эмч Бен Барака ярихдаа ”амьдралын хэвшлээ өөрчилснөөр чихрийн шижнээр өвчлөх магадлал 58 хувь буурна. Хэрвээ тухайн хүн долоо хоногт дунджаар 150 минут буюу өдөрт 30 минут алхах, мөн эрүүл хооллож, таргалалтаас зайлсхийж чадвал энэ өвчинд нэрвэгдэхгүй байх боломжтой” гэжээ.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын статистик мэдээллээр бол, 2040 он гэхэд чихрийн шижингээр өвчилсөн хүмүүсийн тоо 640 сая гаруйд хүрч өсөх төлөвтэй байна. Тухайлбал, 2 дугаар хэлбэрийн чихрийн шижин Ойрхи Дорнодод маш их тархсан бөгөөд энэ өвчин удамшихаас гадна илүүдэл жинтэй шууд холбоотой байдаг аж.
Доктор Барака цааш нь ярихдаа “сүүлийн жилүүдэд 18-аас доош насны хүүхдүүдэд чихрийн шижин илрэх тохиолдол олширсон” гэдгийг онцлон анхааруулав. Энэ нь дасгал хөдөлгөөний дутагдал болон илчлэг ихтэй хоол хүнс хэрэглэж буйтай холбоотой ажээ.
Б.Барака болон түүний мэргэжил нэгтнүүд цусан дахь сахарын хэмжээг тодорхойлохын тулд овор хэмжээ багатай цоо шинэ төхөөрөмж ашиглаж байна. Уг аппаратыг өвчтөний мөрөнд тогтоох ба тухайн өвчтөний авч явж буй утасгүй хүлээн авагчтай холбоно. Ингэснээр үйлчлүүлэгчээс цусны дээж авах шаардлагагүй болох бөгөөд бүтэн өдрийн турш тухайн хүний цусан дахь сахарын хэмжээг хянах боломжтой юм.
Түүнээс гадна, 1 дүгээр хэлбэрийн чихрийн шижинтэй өвчтөнүүдэд зориулан инсулин шахагч насос хийсэн бөгөөд цусан дахь глюкозын хэмжээ бага байгаа үед уг насос нь инсулин шахахыг автоматаар зогсоодог байна.
Д.Нямтулга