Далайн түвшин ихээр нэмэгдэж болзошгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-09-26 13:42:16

ВАШИНГТОН. /CNN/. Далайн түвшин урьдчилан тооцоолж байснаас хурдацтай нэмэгдэж буйтай холбоотойгоор Нью-Йоркоос өгсүүлээд Шанхай хотод үерийн гамшиг тогтмол нүүрлэж болзошгүй байна. Хималай болон Антарктидын мөсөн голууд, мөсөн давхаргууд хурдтайгаар хайлж, олон сая хүнийг хүнс тэжээлээр хангадаг загасны аж ахуй хумигдаж байна.


Эдгээр үр дагавар нь хүлэмжийн хийн ялгарлаас үүдэлтэй болохыг НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын зөвлөлийн сүүлийн тайланд тэмдэглэжээ. Далай болон мөсөн гадаргууд үзүүлэх уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөний талаарх энэхүү тайланг гаргахад дэлхийн 36 орны 100 эрдэмтэн хамтран ажиллажээ.


“Туйлын бүс нутгууд дахь өндөр уулнуудаас өгсүүлээд далайн хамгийн гүн хэсэг гэх мэт дэлхийн хамгийн алслагдмал хэсгүүдийг судалснаараа энэ тайлан онцлог. Тийм газруудад ч хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт нөлөөлж байгааг бид нотоллоо” гэж Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын зөвлөлийн төлөөлөгч Ко Барретт хэлсэн байна.


Далайн түвшнийг 600 гаруй сантиметрээр нэмэгдүүлэх эрсдэлтэй Гренландын мөсөн давхарга 2006-2015 оны хугацаанд жил тутам 275 гигатонноор багассан бол үүнээс ч том хэмжээ бүхий Антарктидын мөс улам багассаар байна. Антарктидын мөсөн давхаргын хайлах явц 2007-2016 онд өмнөх үеийнхээс гурав дахин хурдасжээ. Хэрэв цаашид энэ хэвээр үргэлжилсээр байвал 2100 он гэхэд далайн түвшин 90 гаруй сантиметрээр нэмэгдэж болзошгүй ажээ.


Одоо гаргах шийдвэр ирээдүйн үр дагавруудыг хязгаарлаж, өсөн нэмэгдэж буй зардлаас урьдчилан сэргийлэхэд нэн чухал ач холбогдолтой бөгөөд хойшлуулах тусам эрсдлүүд улам нэмэгдэнэ гэдгийг Далай болон мөсөн гадаргууд үзүүлэх уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөний талаарх тайлангийн төгсгөлд онцолсон байна. 

Связанные новости