Хүлэмжийн хийг бууруулах хувийн хэвшлийнхний оролцоог хөндөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий нийтэд хэрэгжүүлж буй Байгаль орчны үнэлгээний зээлийн зарчим (“Хамтарсан кредит олгох механизм” ХКОМ)-ын хүрээнд Монгол, Японы бизнес эрхлэгчдийг холбох уулзалт өнөөдөр “Кемпински Хан Палас” зочид буудалд боллоо.
Монгол, Японы БОАЖЯ, Эрчим хүчний зохицуулах хороо хамтран зохион байгуулсан энэ уулзалт дээр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувийн хэвшлийн
оролцоо чухал гэдгийг хөндөж байв.
Дээрх “Хамтарсан кредит олгох механизм”-ыг Монгол-Японы Засгийн газар хоорондох Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэлийн хамтын ажиллагааны хүрээнд манай улсад хэрэгжүүлж байгаа юм.
“Энэхүү механизмыг хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг 15
салбарт (энд Монгол Улсын хувьд уул уурхай, барилга, дэд бүтэц,
эрчим хүчний салбарууд орж байна) хэрэгжүүлэх боломжтой бөгөөд Монголд Япон улсын хөрөнгө
оруулалтын дэмжлэгтэйгээр байгаль орчинд ээлтэй, хүлэмжийн хий бага ялгаруулдаг
техник, технологи, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх нь чухал байгаа”-г “Хамтарсан
кредит олгох механизм”-ын нарийн бичгийн дарга Л.Отгонцэцэг “Монгол Улс дахь ХКОМ-ын
хэрэгжилт”-ийн талаар танилцуулахдаа онцолж байлаа.
Энд төрийн зохицуулалтаас гадна хувийн хэвшлийнхний оролцоо чухал, тиймээс байгаль орчны үнэлгээний зарчим ХКОМ-ыг хэрэгжүүлэхэд хоёр орны бизнес эрхлэгчдийг холбож өгөх шаардлагатайг хэлж байна. Ингэхдээ хамтарсан механизмын хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд нэг гол шаардлага тавигдаж буй нь Монголын ААН, компаниуд ХКОМ-ыг хэрэгжүүлэхэд заавал Японы талын хуулийн этгээдтэй хамтран оролцох ёстой болж байгаа юм. Энэ нь нэг талаар Японы хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр байгаль орчинд ээлтэй, хүлэмжийн хий бага ялгаруулдаг техник, технологи, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх нь чухал болж байгааг үүгээр илэрхийлж буй. Гэтэл энэ тал дээр Монголын ААН, компаниудад Японы талын хамтрагчаа олж ажиллахад хүндрэлтэй байгааг өнөөдрийн уулзалт дээр мөн хөндөж байв.
ХКОМ-ын хэрэгжилтийн онцлог нь тухайн төсөл хэрэгжиж
дуусаад нүүрсхүчлийн болон хүлэмжийн хийн ялгарлын хэмжээг бодитоор
бууруулснаа тухайн ААН, компани албан
ёсоор батлуулах учиртай. Ингэсний дараагаар хэрэгжүүлсэн төслийг нь ХКОМ-ын загвар төслөөр бүртгэн авдаг байна. Энэ журмын дагуу өнөөгийн байдлаар Монголд 4 загвар төсөл, үзүүлэх нэг төсөл бүртгэгдэн хэрэгжиж хүлэмжийн хийн
ялгарлын бууралт (CER) буюу кредит зээлээ тооцуулан аваад байна.
ХКОМ-ын механизмыг хэрэгжүүлж байгаа бусад улстай харьцуулахад, манай улсад цөөн тооны төсөл хэрэгжүүлж байгаа боловч хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан хэмжээ болон дүйцүүлэн тооцуулсан кредитийн хэмжээгээр Монгол Улс тэргүүлж байгааг БОАЖЯ-наас мэдээллээ. Тодруулбал, манай улс энд нийт тооцсон кредитийн 80 хувьтай байгаа юм. Өнөөдөр олон улсад ХКОМ-ыг 17 улс хэрэгжүүлж байна. Үүнээс 6 улс нь хэрэгжүүлж байгаа 19 төсөлдөө нийт кредитийг тооцуулснаас Монгол улс дангаараа тэдгээр улстай дүйцэх хэмжээнийхийг тооцуулаад байна.
Өнөөдрийн уулзалтад
ХКОМ-ын ерөнхий зарчим, санхүүгийн схемийг Даян дэлхийн байгаль орчны төв
байгууллага (GEC)-ын
төлөөлөгч Сатору Танго, ХКОМ-ын хэмжиж, тайлагнан нотлох үйл ажиллагааг мөн
Даян дэлхийн байгаль орчны Стратеги судлалын хүрээлэн (IGES)-гийн төлөөлөгч Кентаро Такахаши нар тус тус
танилцууллаа. ХКОМ-ын төсөл, хөтөлбөрийг олж илрүүлэх, төслийн хөгжүүлэлтийн
талаар Хилийн чанад дахь байгаль орчны хамтын ажиллагааны төв
(OECC)-ийн судлаач Вакана Еригучи мөн
танилцуулсан юм.
Уулзалтад оролцогч олон
улсын ХКОМ хариуцсан захирал Ромайн Бриллие тавьсан илтгэлдээ, хүлэмжийн хийг
бууруулж, эрчим хүч хэмнэхэд хувийн хэвшлийн ААН, байгууллагууд санаачилгатай
идэвхтэй оролцох боломжтойг мөн дахин онцлоод, Монгол Улсад цахилгаан, эрчим
хүч хамгийн их ашиглаж буй уул уурхайн компаниуд энд манлайлан оролцож,
удаалаад барилгын компаниуд “Ногоон барилгажилт”-ыг нэвтрүүлээд эхэлбэл Монголд
эрчим хүчний үр ашиг дээшлэх бололцоотойг тэмдэглэн хэлсэн юм.