Туйванч Ц.Оюунчимэг дээд амжилт тогтоов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Сан-Диего хотноо болсон хүндийн өргөлтийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 55-аас дээш насны ангиллын +87 кг-ын жинд өрсөлдсөн Ц.Оюунчимэг дэлхийн дээд амжилтыг гурван удаа шинэчлэн тэргүүн байр эзэллээ.
Энэ сарын 3-6-нд болсон хүндийн өргөлтийн энэ удаагийн ахмадын ДЦАШТ-д Монголоос дөрвөн туйванч өрсөлдөж хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртжээ. Өнгөрсөн наймдугаар сард Францад болсон ДАШТ-ээс дөрөв дэхээ түрүүлсэн Ц.Оюунчимэг дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс долоо дахь алтан медалиа ийнхүү хүртлээ. Мөн Ванчингийн Балжинням дэлхийн цомын аварга болж Сүхбаатарын Саранцэцэг, Баасангийн Энхтайван нар мөнгөн медалийн эзэн болсон байна.
Ц.Оюунчимэг /57 настай/ нэлээд хожим буюу 2011 онд тэтгэвэрт гарсныхаа дараа Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөснөөр хүндийг өргөлтөөр хичээллэж эхэлсэн бөгөөд 49 насандаа энэ спортод хөл тавьжээ. Тэрбээр, нэг жил хичээллээд анхныхаа олон улсын тэмцээн болох ДАШТ-д оролцож дэд аварга болж байжээ. Тэр дэлхийн долоон удаагийн аварга Сара Смитээс ганцхан кг дутуу буюу огцом шахалтаар 53, түлхэлттэй өргөлтөөр 65 кг өргөсөн байна.
Улмаар 2013 оны ДАШТ-д түрүүлэхдээ С.Смитээс 11 кг-аар илүү өргөн, есөн жилийн турш шинэчлэгдээгүй дэлхийн дээд амжилтыг гурван кг-аар ахиулж, 148 кг болгожээ. Алдарт Б.Түвдэндорж аваргын төрсөн дүүгийнх нь охин Ц.Оюунчимэг Ази тивийн ахмадын наадамд түрүүлсэн Монголын анхны туйванч юм.