Н.Ганболдыг үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн эхэнд Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр АТГ-ын дарга Н.Ганболд нь үүрэгт ажлаасаа хувийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр хандсан болохыг танилцуулсан. Үүний дараа УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, "Дараагийн хүнийг хэзээ томилох вэ. Хууль зүйн энэ чухал салбарыг эзэнгүйдүүлж болохгүй. Уг нь шинэ даргын томилгоог давхар оруулж ирэх ёстой" гэхэд зөвлөх Ч.Өнөрбаяр, "Дараагийн хүнийг хэзээ томилохыг одоо хэлэх бололцоогүй байна. Саналыг тань Ерөнхийлөгчид уламжилья" гэсэн хариултыг өглөө.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү, "АТГ-ын даргыг шууд чөлөөлж болохгүй. АТГ-ын дарга бол гүйцэтгэх ажиллагааны хяналтын төв нь байдаг. Дэд дарга орлоно гэвэл гүйцэтгэх ажиллагааг хяналтгүй явуулах нөхцөл үүсэх нь. Иймээс чөлөөлөх томилох асуудлыг зэрэг хэлэлцэх хэрэгтэй. Хуулиндаа 21 хоногийн дотор чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр заасан. Иймд энэ асуудлыг түр хойшлуулья" гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн. Гишүүний асуултад Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат УИХ-ын харьяаны байгууллагын удирдлага өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тохиолдолд байнгын хороо 7 хоногийн дотор асуудлыг шийднэ гэсэн хуулийнхаа хүрээнд асуудлыг хэлэлцэж байгаа гэсэн тайлбарыг өгсөн бол зөвлөх Ч.Өнөрбаяр, "АТГ-ын дарга ажлаа өгснөөр дэд дарга хяналтгүй гүйцэтгэх ажиллагаа явуулна гэсэн үг биш. Түр хугацаанд орлох эрхийг хуулиндаа тусгасан" гэсэн юм.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ яагаад хугацаанаасаа өмнө буюу нэг жилийн өмнө ажлаа өгч байгааг лавлаад хөндлөнгийн нөлөө орсон эсэхийг тодруулахад Н.Ганболд, "Тэтгэврийн насанд хүрсэн. Тиймээс тэтгэврээ тогтоолгох хүсэлтэй байгаа" гэлээ. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, "Энэ хүн нь хууль хүчний салбарт олон жил ажилласан мэргэшсэн албан хаагч. Мөн хувь хүнийхээ хувьд зөөлөн зан чанартай, асуудлыг нухацтай авч үздэг. Тухайн асуудлын цаана юу байна вэ гэдгийг олж хардаг. Ийм хүн тус салбарт олон байх тусмаа хэлмэгдүүлэлт явуулдаггүй сайн талтай. Ингээд өөрийн хүсэлтээр ажлаа нэр төртэй хүлээлгэн өгч байгаад баяр хүргэе. Шинээр томилогдох хүндээ салбарын өмнө тулгамдаж буй асуудал, бэрхшээлийг сайн ойлгуулж зөвлөөрөй" гэхэд Н.Ганболд, "Шинээр томилогдсон хүндээ салбарын өмнө тулгарч буй хүндрэлтэй асуудлын талаар хэлж зөвлөх болно. Байнгын хороонд хувийг нь хүргүүлнэ. УИХ-аас авлигатай тэмцэх чиглэлийн сайн хуулиуд батлан гаргасан. Хуулийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх боломж бий. Харин улс орны эдийн засгийн хүндрэлээс 2012, 2013 онд албан хаагчдын цалинг бууруулсан. Энэ тал дээр цаашид анхаарна биз" хэмээн хариулав.
Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад 69.2 хувь нь Н.Ганболдыг ажлаас чөлөөлөхийг дэмжлээ.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ