Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганд оролцож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
"Хариуцлагын хууль" гэгдээд буй уг хуулийн төслийн Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн юм. Хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2015 оны 12 дугаар сарын 2-нд хэлэлцээд, олонх нь дэмжээгүй. Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд "Сонгогдсон болон томилогдсон гэдэг нэр томъёог хуульд оруулах нь зохимжгүй, сонгогдсон албан тушаалтныг тухайлсан хуулиар, томилогдсон албан тушаалтныг Төрийн албаны хуулиар нь зохицуулах нь зүйтэй", "Хариуцлага тооцох нь зүйтэй, гэхдээ асуудлыг өргөн хүрээгээр авч үзэх шаардлагатай, ийм байдлаар баталбал тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй тул хууль санаачлагч нь төслөө татан авч дахин боловсруулах хэрэгтэй", "Энэ хуулийн төслийг Төрийн албаны тухай болон Үндсэн хуулийн өөрчлөлттэй уялдуулах хэрэгтэй" гэх мэт санал хэлжээ.
Харин өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцэгдэж байгаа уг хуулийн төслийг санаачлагч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрөө хуралдаанд оролцож байна. Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Бакей танилцууллаа.
Одоо хуулийн төслөөр асуулт, хариулт өрнөж байна.
Н.Гантуяа