“Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд энэ сарын 19-нд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолыг төслийг өргөн мэдүүлэв.
Төсвийн тухай
хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4 дэх заалтад “УИХ нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланг хаврын
чуулганаар хэлэлцэн, улсын төсвийн гүйцэтгэлийг батлах”, мөн хуулийн 9 дүгээр
зүйлийн 9.1.3 дахь заалтад УИХ “нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэн, улсын төсвийн гүйцэтгэлийг батлах”
бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр тус тус заасны дагуу уг тогтоолын төслийг
боловсруулжээ. Тайланд онд улсын төсвийн нийт орлого ба тусламжийг 20,652.3
тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс 20,533.0 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, 99.4 хувийн
гүйцэтгэлтэй гарсан. Төсвийн тогтворжуулалтын санд 478.6 тэрбум төгрөгийн
орлогыг төвлөрүүлэхээр төлөвлөснөөс нийт 443.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.
Монгол Улсын 2024
оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 20.089.1 тэрбум төгрөгт
хүрч, өмнөх оны гүйцэтгэлээс 24.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэдгийг
Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Мөн Монгол Улсын 2024 оны төсвийн нийт
зарлага ба цэвэр зээлийн дүн 21,372,4 тэрбум төгрөг буюу 94.2 хувийн
гүйцэтгэлтэй гарчээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.