УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-12-18 19:42:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы хуралдаанаар Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.


УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын 10 гишүүн өргөн мэдүүлсэн уг төсөлд УИХ-ын сонгуулийг том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоогоор зохион байгуулахаар тусгажээ. Ингэхдээ 50+26 буюу 50 гишүүн нь жижиг тойргийн сонгогчдоос шууд санал авах, 26 нь том тойрог буюу Монгол Улсын нийт иргэдээс санал авч сонгогдох юм. Ингэснээр нам дугуйлах хэлбэрээс хүнээ сонгож дугуйлах хэлбэрт шилжиж, ард түмэн өөрийнхөө элч төлөөлөгчийг өөрсдөө шууд сонгох Үндсэн хуулийн суурь зарчим хэрэгжинэ. Түүнчлэн сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцох эрхтэй байх, нам, эвсэл сонгуульд оролцохдоо ээлжит сонгуулийн өмнөх жилийн нэгдүгээр сарын 1-нээс ээлжит сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын 1 хүртэл тухайн намд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивыг төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайланг ирүүлэхээр тусгажээ. Мөн нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, Засгийн газраас байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн бол нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө албан тушаалаа хүлээлгэн өгсөн байхаар зохицуулжээ. Түүнчлэн сонгуулийн сурталчилгаа явуулах арга, хэлбэрийг сонгуулийн зардал багасгах зорилготой уялдуулан тогтоох, сонгуулийн зардлын гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулахаар төрийн аудитын байгууллагын эрх хэмжээг нэмэх онцлог зохицуулалтыг тусгасан байна.


Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багаас зарчмын зөрүүтэй 54, найруулгын 4 саналын томьёолол гаргажээ. Тухайлбал, 50+26 гэсэн сонгуулийн тогтолцоог 1992, 2008 онд сонгууль явуулж байсан олон мандаттай, томсгосон тойрогтой, можаритор тогтолцоо болгон өөрчлөх санал гаргасныг олонх дэмжлээ. Түүнчлэн төсөлд “Өдөр тутмын болон бусад сонин сэтгүүлд сонгуулийн сурталчилгааны материал нийтлүүлэх”, “Ухуулах хуудас болон зурагт самбарыг нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт үнэ төлбөргүйгээр байрлуулах байршлыг тухайн сум, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тогтоож, нийтэд мэдээлнэ” гэсэн заалт нэмэх саналыг дэмжлээ. Улмаар төсөлд сонгуулийн мөнгөн хандив нь иргэн гурван сая төгрөг хүртэл, хуулийн этгээд арван таван сая төгрөг хүртэл байж болохоор тусгасныг иргэн таван сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд хорин сая төгрөг хүртэл хандив өгч болохоор өөрчлөх саналыг дэмжив.


Мөн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн заалт нэмэх санал гаргасныг мөн олонх дэмжсэн юм. Ийнхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв.

Связанные новости