Монгол орноо сурталчилсан мэдээ, мэдээллийг түлхүү гаргахыг даалгав

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-09-22 14:35:32

Үндэсний Мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн сэтгүүлчдээ чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна.

Тус сургалтыг МОНЦАМЭ агентлагийн дарга А.Баатархуяг нээж хэлэхдээ,“МОНЦАМЭ агентлаг 21 аймагт бие даасан сурвалжлагчтай, орон нутгийн мэдээ мэдээллийг газар дээрээс нь шуурхай хүргэх гол баазтай гэдгээрээ онцлогтой. Тиймээс аль болох иргэдийн амьдралын гүнд орсон мэдээ, мэдээллийг бэлтгэхэд орон нутгийн сэтгүүлчид түлхүү анхаарах хэрэгтэй байна. Түүнчлэн орон нутгийн онцлогуудыг харуулсан гадныхны сонирхол татахуйц мэдээ, мэдээллийг бэлтгэснээр Монгол орноо гадаадад сурталчлахад гол хөшүүрэг болно” хэмээн онцлов.

Дээрх сургалтын хүрээнд МОНЦАМЭ агентлагийн орон нутаг дахь сэтгүүлчдэд  МУБИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Ухааны сургуулийн захирал, профессор Ж.Батбаатар “Хэвлэл мэдээллийн өнөөгийн чиг хандлага” сэдвээр, МУИС-ийн багш дэд профессор Б.Наранбаатар “Цахим сэтгүүл зүйн эерэг, сөрөг хандлага” сэдвээр тус тус лекц уншлаа. МОНЦАМЭ агентлаг вэбсайтаа шинэчлэн мэдээллийн баазаа өргөтгөсөн. Үүнтэй холбогдуулан сэтгүүлчдэд тус агентлагийн Техник үйлдвэрлэлийн хэлтсийн дарга С.Баярсайхан шинэ вэбсайтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Мөн Гэрэл зургийн албаны удирдагч Б.Чадраабал  гэрэл зураг авах, гэрэл зураг дээр хэрхэн ажиллах талаар танилцуулсан юм.

МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлчид маргааш Архангай аймгийг зорьж, тус аймгийн үйл ажиллагаатай танилцахаас гадна байгалийн үзэсгэлэнт газруудаар орно.

Б.Заяа   

Связанные новости
Комментарии