Евразийн бүс нутгийн парламентуудын спикерүүд Сөүл хотноо чуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРЭнэ сарын 19-нд Москва хотноо Евразийн бүс нутгийн парламентуудын спикерүүд анх удаагаа чууллаа.
“XXI зуунд Евразийн бүс нутгийн орнуудын хамтын амар мэндийн сонирхолд нийцэх парламент хоорондын хамтын ажиллагаа” сэдэвт арга хэмжээг ОХУ-ын Төрийн думын дарга Сергей Нарышкин, Өмнөд Солонгосын Үндэсний хурлын дарга Чон Ый Хва нар санаачилжээ.
Эл хуралдаанд Өмнөд Солонгос, Афганистан, Азербайжан, Армени, Беларусь, Вьетнам, Камбожи, Казахстан, Киргиз, Иран, Пакистан, Тажикстан, Тайланд, Индонези, Монгол, Филиппин, Энэтхэг улсын парламентын төлөөлөгчид оролцож хуралдаанд үг хэллээ. Манай улсаас УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Элчин сайд Б.Дэлгэрмаа нар оролцов.
Манай сурвалжлагч УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржтой уулзаж, Евразийн бүс нутгийн орнуудын спикерүүдийн анхдугаар чуулганд Монгол улс ямар ач холбогдол өгч оролцож байгаа талаар сонирхжээ.
УИХ-ын дэд дарга ярихдаа,“Еврази бол том бүс нутаг. Энэ бүс нутагт эдийн засаг, улс төр, энхийн бодлогын хамтын ажиллагаануудыг өргөн хүрээнд явуулах түүхэн шаардлага бий. Яагаад гэвэл, энэ бүс нутагт 21 –р зууны хөгжилд түүхэн тэргүүлэгчийн хувь заяанууд нь оногдсон. Ард түмнийхээ нэрийн өмнөөс бодлого тодорхойлогч байгууллага бол парламент байдаг. Өнөөдөр парламент хоорондын байнгын яриа хэлэлцээний бүтцийг бий болгох нь чухал юм. Харин энэ нь улс төр, энх тайван аюулгүй байдлынх, үр дүнгийнх гэдгийг парламент тодорхойлдог. Иймд хууль эрх зүйн гол бодлого тодорхойлох байгууллагуудын байнгын ажиллагаатай зөвлөл байгуулахыг УИХ дэмжиж, өөрсдийн бүрэлдэхүүнийг орууллаа” гэв.
“21-р зуунд Евразийн бүс нутгийн орнуудын хамтын амар мэндийн сонирхолд нийцэх парламент хоорондын хамтын ажиллагаа” анхдугаар чуулганд оролцогсод ОХУ-ын төрийн думын дарга Сергей Нарышкины Тусгаар улсын хамтын нөхөрлөлийн орнуудын Парламент хоорондын ассамблейн суурин дээр байнгын ажиллагаатай Зөвлөлдөх уулзалтын нарийн бичгийн газрыг байгуулах тухай саналыг дэмжлээ.
Хуралд оролцогсод Өмнөд Солонгосын Үндэсний хурлын дарга Чон Ый Хвагийн тус байгууллагын хоёрдугаар чуулганыг 2017 онд Сөүл хотноо зохиох саналыг дэмжив.
Москва хот. А.Огторгуймаа