Тэтгэврийн зээлийг тэглэхийг дэмжиж буйгаа МАХН илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-01-06 13:12:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх тухай Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-ийн зөвлөмжийг дэмжиж буйгаа МАХН-ын удирдлагууд өнөөдөр мэдээлэв.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019-2020 он солигдох мөчид ард түмэндээ дэвшүүлсэн мэндчилгээндээ, Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр гарсныг мэдэгдсэн юм. МАХН-аас тэтгэврийн зээлийг тэглэхийг дэмжиж байгаа аж. Гэхдээ өр тэглэх эх үүсвэрийг Салхитын ордын орлогоос гаргах нь шударга бус хэмээн үзэж байгаа аж. Тиймээс дампуурлаа зарлаад буй Капитал банканд байсан Нийгмийн даатгалын сан болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 240 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны үр ашиггүй зарцуулсан 1.2 их наяд төгрөг, АСЕМ зохион байгуулахад үр ашиггүй зарцуулсан 395 тэрбум төгрөгийг буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлж, түүгээр ахмадуудын зээлийг тэглэх хэрэгтэй гэдгийг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга хэллээ.


Тэрбээр, “Дээрх хөрөнгийг буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлснээр зөвхөн тэтгэврийн зээлийг тэглэх бус малчны, цалингийн, орон сууцны зээлийн хүүг тэглэж, өмнө нь төлсөн хүүгийн төлбөрийг зээлийн үндсэн төлбөрөөс хасуулах хөрөнгийн эс үүсвэр бүрдэнэ гэсэн тооцоо, судалгаа бий” гэлээ.

Связанные новости