С.Төмөрдулам: "Нэг хот-Нэг стандарт"-ын жил барилга, хүүхдийн талбайн аюулгүй байдлыг хангахаас эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-01-06 15:22:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлээс энэ оныг "Нэг хот-Нэг стандарт"-ыг хэрэгжүүлэх зорилтот жил болгон зарлаж байна. 

Нийслэлийн Засаг даргын шинэ оны анхны 01 тоот захирамж энэ талаар гарсныг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга дарга Ү.Ганбат, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулах хэлтсийн дарга С.Төмөрдулам, нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар танилцууллаа. 

Тэдний мэдээлж буйгаар хотын бүхий л салбарт стандартыг дагаж мөрдүүлэх зорилготой энэ жил олон улсын стандартад нийцсэн цогц дүрэм журмыг боловсруулж байгааг дуулгаж, стандартыг нэвтрүүлэх ажлыг иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлж мөрдүүлэхээр төлөвлөөд байна гэв. Энэ талаар бид Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулах хэлтсийн дарга С.Төмөрдуламаас тодрууллаа. 

-"Нэг хот-Нэг стандарт" зорилтот жилийн ажил юунаас эхлэх вэ?

-Нийслэлд баригдаж буй барилга байгууламжид ХАБ-ын хангах, хотын гэр  болон орон сууцны хороолол дахь хүүхдийн талбайн аюулгүй байдлыг хангахаас эхэлнэ. 

Тодруулбал, бид НМХГ-тай хамтран хоёрдугаар сарын 1-ний дотор Улаанбаатар хотод иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулахуйц нөхцөлд үйл ажиллагаа явуулж буй 379 барилгын гадна талын хашаа, хайсыг стандартыг дагуу болгох талаар мэдэгдэл хүргүүлж байгаа. Энэ ажлыг зургадугаар сарын 1 гэхэд дуусгаж бүрэн аюулгүй болгоно. Мөн хүүхдийн тоглоомын талбайд тавигдах стандартыг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлнэ. 

-Аль ч салбарт стандартыг мөрдүүлж ажиллахад тухайн стандарт ямар байх талаар эхлээд танилцуулж мөрдүүлэх байх. Энэ талаар бэлэн үү?

-Тиймээ, өнгөрсөн 2019 онд бид хотын стандартын баримт бичиг болох 3 төрлийн товхимол гаргасан. Улаанбаатар хотод өмнө нь стандартын баримт бичиг гэж байгаагүй. Тэгвэл энэ жил 22 нэр төрлийн хотын стандартын баримт бичиг нэмж боловсруулаад батлуулахаар ажиллаж байна гэв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар мэдээлэл өгөх үеэр хэлэхдээ, “Стандартыг хэрэгжүүлэх нь зөвхөн нийслэлийн ажил биш, энд иргэн бүрийн оролцоо чухал. Шинээр ажил гүйцэтгэхээр тендерт орж байгаа компаниудыг ч тодорхой стандарттай байхыг шаардаж байгаа” гэлээ. Тэрээр, хотын стандарт норм, дүрмийн талаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ААН, байгууллага бүрт танилцуулж, хотын хөгжилд ААН, байгууллага бүрийн үүрэг чухал болохыг тусгана гэв.

Нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж буйг хэллээ. Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан ажилллах юм.


Зорилтот жилд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулж, нэгдүгээр сарын 25-ны дотор батлуулах юм байна. 

“Нэг хот-Нэг стандарт” жилийн хүрээнд иргэдийн аюулгүй амьдрахад сөргөөр нөлөөлж буй зүйлийг хэсгийн ахлагч, хорооны дарга нар илрүүлж, мэргэжлийн байгууллагуудад уламжлах юм байна. Ийнхүү мэдээллэснээр урамшуулал хүртэх бөгөөд улиралд багаараа 8 сая төгрөгийн урамшуулал авах боломжтой аж. 

Ийнхүү “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд Улаанбаатар хот нэг стандарттай болсноор дэлхийн хотуудын жишгээр хөгжиж, хотын иргэд эрүүл, аюулгүй орчинд ая тухтай амьдрах нөхцөл бүрдэх юм байна.

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ


Связанные новости