Мега төслүүдээ танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-20 12:58:49

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНСУ-ын Гёнсаннам-до аймгийн Захирагч Пак Ван Сү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцов.


Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу хэрэгжүүлэх 24 мега төслийг танилцуулсан юм.


Тэрбээр “Нийтийн тээвэрт их багтаамжийн олон төрөлт хэрэгсэл нэвтрүүлэх хүрээнд Туулын хурдны зам, Тойрог хурдны зам, трам, метроны шугам гэх мэт томоохон бүтээн байгуулалтад олон улсын тендерийг үе шаттай зарлаж байна. Мөн агаарын бохирдлыг багасгахаар “20 минутын хот” төлөвлөлтийг баримтлан Сэлбэ, Баянхошуу, Ханын материалд 20 мянга орчим айлын цогцолбор хороолол барьж байна. Манай хоёр улсын харилцаа нь түүхэн, стратегийн түншлэлийн хүрээнд олон салбарт хамтран ажиллаж байгаа. Тиймдээ ч БНСУ-ын Гёнсаннам-до аймаг нь аж үйлдвэр хөгжсөн бүс нутаг тул аж үйлдвэрийн салбарт олон төсөл, хөтөлбөрт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.


БНСУ-ын Гёнсаннам-до аймгийн Захирагч Пак Ван Сү цаашид хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд бүх талаар дэмжиж, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ уламжлав. 

Связанные новости