"Да хүрээ" захын асуудлаар нээлттэй сонсгол явууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан болон тус байнгын хорооны гишүүд өнөөдөр УИХ-ын Тамгын газрын "Нээлттэй сонсголын танхим"-д техникийн худалдаа, үйлчилгээний "Да хүрээ" захын асуудлаар нээлттэй сонсгол явууллаа.
Уг сонсголд "Да хүрээ" захын удирдлага, түрээслэгч иргэдийн төлөөлөл болон нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, ЗТЯ, МХЕГ, НМХГ, ЗЦГ, ШӨХТГ зэрэг байгууллагын албаны хүмүүс оролцсон юм.
"Да хүрээ" захын удирдлага болон түрээслэгч иргэдийн төлөөлөл тус захыг албадан нүүлгэхийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн. Мөн энэ нь зөвхөн "Да хүрээ" захын асуудал биш, тус захыг тойрсон худалдаа, үйлчилгээний байгууллагуудын эрх ашиг ч давхар хөндөгдөж байна. Эдийн засаг хүнд, иргэдийн амьдрал тааруухан байгаа энэ үед төр ард түмэндээ хүндрэл учруулахгүй байх хэрэгтэй гэдгийг онцолж байлаа.
Харин нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр "Сонгинохайрхан дүүрэгт баригдсан шинэ авто худалдааны цогцолборын үйл ажиллагаа жигдэрснээр олон ажлын байр бий болно. Орчин нөхцлийг сайжруулахаар анхаарч ажиллаж байгаа. Авто худалдаачдыг албадан нүүлгэх асуудал яригдаагүй" гэв.
Өргөдлийн байнгын хорооноос холбогдох талуудын саналыг сонсч, уг асуудлаар Засгийн газар болон Улаанбаатар хотын удирдлагад чиглэл өгөхөөр шийдвэрлэлээ.
Н.Туяа