“Rolls-Royce” компанийн борлуулалт 25 хувиар өсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ЛОНДОН. /Reuters/. Их Британийн тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “Rolls-Royce” компанийн борлуулалт 2019 онд 25 хувиар өсжээ. Тус компанийн шинээр гаргасан дунд оврын жийп автомашины эрэлт өндөр байсан нь борлуулалтад ийнхүү эерэгээр нөлөөлсөн байна.
116 жилийн түүхтэй Их Британийн компанийн автомашин үйлдвэрлэгч компанийн мэдээлснээр, өнгөрсөн онд 5152 автомашин худалдаалсан нь хамгийн өндөр борлуулалттай жил болжээ. Компани 2018 онд 4107 ширхэг автомашин худалдаалж байжээ.
“Өнгөрсөн онд манай “Cullinan” дунд оврын жийп автомашины борлуулалт энэ амжилт руу хөтөлсөн бөгөөд энэ онд ч гэсэн бид энэ эрчээ алдахгүй байх гэж бодож байна” гэж тус компанийн гүйцэтгэх захирал Торстен Мюллер-Оетвоес мэдэгджээ.