Хүн ам, орон сууцны тооллого орон даяар эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-01-09 13:53:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүн ам, орон сууцны улсын тооллого явуулах Үндэсний стастистикийн хороо (ҮСХ)-ны удирдлагууд болон холбогдох албаныхан нэгдүгээр сарын 8-ны орой 23.30 цагт нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн тооллогын түр товчоотой онлайнаар холбогдож, орон даяар албан ёсоор тооллого эхэлснийг мэдэгдсэн юм. Ингэснээр өнөөдөр өглөө буюу нэгдүгээр сарын 9-ний 08.00 цагт тоологч нар ажилдаа гарч Монгол Улсын 2020 оны Хүн ам, орон сууцны тооллогын ажил эхлээд байна. 

УИХ-ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллогын товыг 2020 оны нэгдүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнийн “00” /тэг тэг/ цагаар тогтоосон байдаг.

Хүн ам, орон сууцны 2020 оны Улсын ээлжит тооллогын товыг угтах үеэр ҮСХ-ны дарга А.Ариунзаяа аймаг, нийслэл, дүүргийн албан хаагчид болон бэлтгэгдсэн тоологч нарт анхаарал болгоомжтой ажиллаж, эрсдэлийг урьдчилан тооцож, ямар нэгэн асуудал тулгарвал тухай бүрт нь мэдэгдэж, хариуцлагатай ажиллахыг анхаарууллаа.


ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газар (ХАНСГ)-ын дарга А.Амарбал “Тооллогын тов буюу 00:00 цаг гэдэг нь энгийн үгээр хэлбэл зураг авч буй агшин юм. Бид энэ удаа түүхэндээ анх удаа хосолмол тооллогын товыг албан ёсоор угтлаа. Ингээд товтой зэрэгцүүлэн Хүн ам, өрхийн мэдээллийн санг түр зогсоож, Хүн ам, орон сууцны 2020 оны Улсын ээлжит тооллогын нэгдсэн сан бий болгоно.

Статистикч, анхан шатанд ажиллаж буй тоологч, шалгагч нэг бүрийн итгэл, сэтгэл тооллогын үр дүнд шууд нөлөөлдөг. Тиймээс Хүн ам, орон сууцны 2020 оны Улсын ээлжит тооллогод оролцож буй хүмүүсийг сэтгэл санаагаар дэмжиж ажиллах нь нэн чухал. Үүнээс гадна олон жилийн дүнгээс харахад тоологчийн аюулгүй байдалд байнга анхаарах ёстой байдаг юм. Та бүхнийхээ тооллогын ажилд амжилт хүсье” гэлээ.


Хүн ам, орон сууцны тооллогын тухай хуулийн 8.3-т заасны дагуу ээлжит тооллогыг товлосон өдрөөс эхлэн долоо хоногт багтаан явуулахаар заасан байдаг. Уг заалтын дагуу Хүн ам, орон сууцны 2020 оны Улсын ээлжит тооллогын нэг хэсэг болох энгийн санамсаргүй түүврийн аргаар тоолох 10 хувийг 2020 оны нэгдүгээр сарын хоёр дахь 7 хоног буюу энэ нэгдүгээр сарын 9-15-ны өдрийн 22.00 цаг хүртэл хугацаанд тоолох юм. 



Связанные новости