Төрийн албанаас үндэслэлгүйгээр халагдсан маргаан жилээс жилд өсчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРТөрийн албанаас үндэслэлгүй халагдаж, Захиргааны хэргийн шүүхээр хэлэлцүүлсэн маргаан сонгуулийн дараа буюу 2009 онд 31 хувь, 2013 онд 42 хувиар өмнөх жилүүдээс өссөн судалгаа гарчээ.
Төрийн албаны тухай хууль 1994 онд батлагдсанаар төрийн алба нь бие даасан хуультай болж, өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаагийн нэмэлт өөрчлөлтөөр шинэчлэгдэж боловсронгуй болсоор ирсэн. 2008 онд уг хуульд зарчмын хэд хэдэн нэмэлт, өөрчлөлт оруулсан нь төрийн албаны эрх зүйг боловсронгуй болгож, төлөвшин хөгжихөд ихээхэн хувь нэмэр болсон юм. Гэвч өнөөгийн тогтолцоонд төрийн албан хаагчийн ажлын байр улс төрөөс хараат, төрийн албаны бүтэц, зохион байгуулалтыг намын бодлого шийдвэрээр өөрчилдөг, байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоо алдагдсан, хариуцлага тооцох механизм сул, хэрэгжилт хангалтгүй, нийгмийн баталгаа хангагдаагүй, намын харьяаллаар ажилд томилдгоос болж төрийн албаны хүний нөөцийн бодлого тогтворгүй, төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/ баталгаагүй, улс төрийн нөлөөлөлд автах, бие даасан хараат бус байдлаа хангаж чадахгүй байдал үргэлжилсээр ирсэн юм. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл нь сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан яам, агентлаг болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөх бүрт төрийн албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл алдагдаж ирсэн, “бүтцийн өөрчлөлт болон баг бүрдүүлэх” гэсэн нэрээр төрийн албан хаагчдыг ажлаас чөлөөлдөг, халдаг бодит байдал бий болсон. Түүнчлэн төрийн жинхэнэ албан хаагчийн цалин хөлс, нөхөн төлбөр, буцалтгүй тусламж, нийгмийн баталгаатай холбогдсон харилцааг хуулиудад харилцан адилгүй байдлаар тогтоосон байдаг.
Үүнээс гадна төрийн албан хаагчийг ажлаас нь үндэслэлгүй халсантай маргааныг Захиргааны хэргийн шүүхээс шийдсэн үзүүлэлтийг авч үзвэл, сонгуулийн дараа буюу 2009 онд 31 хувь, 2013 онд 42 хувиар өмнөх жилүүдээс өссөн үзүүлэлттэй байна. Төрийн албанаас хууль бус шийдвэрээр халагдсан буюу чөлөөлөгдсөн иргэд эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандсанаар Захиргааны хэргийн шүүх нь 2008 онд 87, 2009 онд 126, 2010 онд 113, 2011 онд 63, 2012 онд 78, 2013 онд 134, 2014 оны эхний хагас жилд 65 хэргийг тус тус шийдвэрлэсэн байна.
Энэ мэтчилэн олон шаардлагыг харгалзан төрийн албаны эрх зүйн орчинг өнөөгийн нийгмийн хөгжил, эрэлт хэрэгцээтэй уялдуулан Төрийн албаны тухай хуулийг шинэчлэх шаардлага зүй ёсоор гарсан гэж үзэн Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг боловсруулсан юм. Шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа төрийн албыг цаашид олон улсын жишигт нийцүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах, бодлого шийдвэрийг оновчтой болгоход анхаарч, төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, цомхон төрийн албыг бүрдүүлэхэд чиглэжээ.
Уг хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны долдугаар сарын 1-нд, Су.Батболд нарын найман гишүүнээс 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн юм. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өчигдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хийсэн бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хороо мөн хэлэлцэх байсан ч хойшлуулжээ. Учир нь Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлт ирээгүй байсантай холбоотой байсан аж. Тиймээс хуулийн төслийг ирэх долоо хоногт хэлэлцэх болжээ.
Н.Гантуяа