Үндэсний аюулгүй тухай хуулийн төсөл парламентын дэмжлэг авсангүй
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндэсний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийхэд олонх “Хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй” хэмээн үзсэн тул хууль санаачлагчид буцаахаар боллоо.
Хуулийн төсөл нь 5 бүлэг, 4 дэд бүлэг, 42 зүйлтэй. 2010 онд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал шинэчлэгдсэн тул одоо мөрдөж буй Үндэсний аюулгүй байдлын тухай 2001 оны хууль, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай 1992 оны хуулийг түүнд нийцүүлэх, нөгөөтэйгүүр одоо мөрдөж буй хуулиудын зохицуулалт тодорхойгүй, оновчтой бус, давхардал ихтэй байгаагаас зарим бэрхшээл тулгарч байгаа тул тэдгээр хуулийг нэгтгэн шинэчлэн найруулах шаардлагатай болсон хэмээн үзэж, Ерөнхийлөгчөөс уг хуулийн төслийг өргөн мэдүүлсэн байна.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын удирдлага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол албан тушаалтныг хална гэж заасан байна. Үндэсний аюулгүй байдлын хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлээгүй хэмээн хүчний байгууллагын удирдлагуудыг халж солих нь. Монгол төр тогтвортой байх ёстой. Үүн дээр анхаараарай. Үндэсний аюулгүй байдал гэдэг дарангуйлал тогтоох боломжийг дарангуйлагч нарт олгодог гэдгийг бүү мартаарай” гэсэн бол УИХ-ын гишүүн Я.Содбаатар, “ҮАБЗ-өөс эдийн засгийн гол агуулгыг хангадаг гааль татварын байгууллагын төлөөллийг хасч, зөвхөн хүчний байгууллагууд байхаар тусгасан байгааг юу гэж ойлгох вэ" гэсэн асуудлыг тодруулсан. ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга О.Очиржав гишүүний асуултад, “Эдийн засгийн чиг үүрэгтэй байгууллагууд нь Засгийн газрын чиглэлд хамаардаг. Тиймээс Засгийн газрын үйл ажиллагаанд оролцохгүй байх үүднээс энэ зохицуулалтыг тусгасан” гэсэн хариултыг өглөө.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү хууль хүчний байгууллагын хараат бус байдлыг аливаа хууль хангасан байх ёстой. Гэтэл эдгээр байгууллагыг хараат байдал руу оруулж байна гэсэн байр суурь илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Ерөнхийлөгчөөс өргөн барьсан багц хуулиудыг хэлэлцэхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд "Хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлага байна уу. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, хаврын чуулганы үлдэж буй хугацаанд ямар хууль тогтоолын төсөл хэлэлцэх вэ гэдэг дээр тогтож ярих шаардлагатай. Ер нь хуулийн төслийг татаж авах нь зүйтэй юм” гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, “ҮАБЗ бол зөвлөмж гаргадаг. Тавантолгой дээр 10-аад зөвлөмж гаргасан байдаг. Гэтэл эдгээр зөвлөмж хэрэгжээгүй. Бид үндэсний аюулгүй байдлын асуудлыг ярих цаг нь болсон уу гэвэл болсон. Гэхдээ өнөөгийн түвшинд ярилцах хугацаа нь биш” гэсэн юм. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ мөн хуулийн төслийг хэлэлцэх хугацаа нь хараахан болоогүй байна гээд “Үндэсний эв нэгдлийг илэрхийлсэн Ерөнхийлөгчөө сонгож, Үндсэн хуулийн өөрчлөлтөө хийсний дараа үндэсний аюулгүй байдлын тухай асуудлыг хөндөх хэрэгтэй” гэв.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байлаа. Тэрбээр, “Одоо үйлчилж байгаа Үндэсний аюулгүй байдлын тухай хуультай энэ хуулийн төсөл адил. Хуулийг хэлэлцэх явцдаа ҮАБЗ гэдэг нь гүйцэтгэх эрх мэдэлтэй байх уу, зөвлөлдөх байдлаар оршин тогтнох уу гэдэг дээр байр сууриа нэгтгэх ёстой. Шинэ хуулинд 3-4 шинэ зүйл заалт орж ирсэн. Бусад нь хуучин хуулийн агуулгаараа байгаа" хэмээлээ.
Гишүүд асуулт асууж, үгээ хэлсний дараа санал хураалт явуулахад 67.4 хувь нь үргэлжлүүлэн хэлэлцэхийг дэмжсэнгүй.
Б.Туул