Аймгийн заан М.Лхагвагэрэл түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ой, Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харъяат, аймгийн заан М.Лхагвагэрэл түрүүлж, улсын начин Ч.Хөхчирэнгэр үзүүрлэв.
Монгол бөхийн өргөөнд өнөөдөр /2020.01.12/ болсон
тус барилдааны шөвгийн дөрөвт Улсын харцага Б.Бат-Өлзий, улсын начин Э.Даш нар
шалгарсан юм. Харин энэ удаагийн барилдаанд Монгол Улсын аварга Н.Батсуурь,
арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, Улсын заан Б.Батмөнх, Б.Соронзонболд, харцага
Б.Бат-Өлзий, Д.Анар, Ө.Даваабаатар, Б.Одгэрэл, М.Бадарч, О.Хангай, Н.Золбоо
тэргүүтэй хүчит бөхчүүд барилдсан.
Ташрамд сонирхуулахад, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан чансаа өндөр бөхийн барилдаанд хамгийн олон буюу 4 удаа түрүүлсэн байна. Харин улсын гарьд И.Доржсамбуу 3 түрүү, Дархан аварга А.Сүхбат 2 түрүү, 3 үзүүр, Дархан аварга Г.Өсөхбаяр, улсын арслан Б.Ганбат тус бүр 2 түрүү авч байжээ.